Цаг үеийн мэдээ

Эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалд манай гурван тамирчин цэц сорилоо. Урьдчилсан буудлагад О.Есүгэн 588.30 оноо авч долдугаар байр эзэлснээр финалд шалгарсан юм.

Харин О.Янжинлхам 578.22 оноогоор 24-т, Ч.Нарантуяа 573.18 оноогоор 32-т оржээ. Энэ дасгалд багийн төрөлд манай буудагчид 1739 оноогоор долдугаар байр эзэлсэн юм.

Багаараа мэргэн буудсан БНХАУ-ын баг 1773 оноогоор алтан медаль хүртсэн бол Энэтхэг 1764, БНСУ 1756 оноогоор мөнгө, хүрлийн эзэд боллоо. Шигшээ буудлагад тунаж үлдсэн найман тамирчнаас О.Есүгэн 427.5 оноогоор шагналт V байр эзэллээ.

Энэ дасгалд Энэтхэгийн тамирчин Самра Сифт Каур 469.6 оноо авч, дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Өнгөрсөн наймдугаар сард дэлхийд түрүүлсэн БНХАУ-ын 19 настай од Шин Хи Жан 462.3 оноогоор тивийн олимпод мөнгө авлаа. Хүрлийг Энэтхэгийн Аши Чоуксэй 451.9 оноогоор хүртэв.

25 метрийн спорт гар бууны ангилалд мөн гурван тамирчин эх орноо төлөөлсөн. Т.Баярмаа 574.20 оноогоор 22-т, Т.Баярцэцэг 573.20 оноо авснаар 23-т, О.Гүндэгмаа 554.20 оноогоор 38-д жагслаа. Уг дасгалд багийн дүнгээр 1701 оноогоор есдүгээрт бичигдсэн юм.