Цаг үеийн мэдээ

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан энэ сарын 29-ний өдөр  “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан инженерийн цэргийн ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд тус ангийн захирагчаар ажиллаж байсан Монгол Улсын Гавьяат барилгачин, бэлтгэлд байгаа хошууч генерал П.Доржсүрэн, чөлөөнд байгаа хурандаа Я.Цэнджав, дэд хурандаа Б.Цэдэндамба, ангийн "Ахмадын зөвлөл"-ийн дарга бэлтгэлд байгаа хурандаа С.Содов болон тус ангийн ахмад дайчид, ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

Арга хэмжээний эхэнд 2023 онд цэргийн тэтгэвэрт гарсан зарим офицер, ахлагч нар ангийн Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслол болсон бөгөөд үргэлжлүүлэн ахмад дайчид ангийн байрлалд мод тарьж, зэвсэглэл техникийн үзэсгэлэнтэй танилцав. Ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар ахмадуудад анги байгууллагадаа зохион байгуулж явуулсан олон улсын хамтарсан сургуулиуд, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд хийж хэрэгжүүлсэн засвар тохижилтын ажлууд, эх орны бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмрийн тухай мэдээлэл хүргэж, ирэх онд тохиох ангийн түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдсаныг дуулгаж, хийж хэрэгжүүлэх ажлын товч мэдээллийг хүргэлээ.

Мөн тэрээр ажил, амьдралын арвин туршлагатай ахмадуудынхаа хийж бүтээсэн үйл хэрэг, амжилт бүтээлийг өдгөө инженерийн цэргийнхэн түүчээлэн явааг онцолж, төгсгөлд нь "Ахмадын зөвлөл"-ийн тайлангийн хурлыг зохион байгуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолт, нийтийн бүжгээр үргэлжилсэн юм.