Цаг үеийн мэдээ

НҮБ-ын гишүүн 193 улс байгаагаас 124 нь энхийг сахиулах үйлсэд цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнээ илгээж байна. Хэвлэлүүдээр хандивлаж байна гэж ч бичих нь бий. Тэрхүү 124 улсын ердөө 10-хан орны Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлээ "НҮБ-ын стандарт шаардлагад нийцсэн үү" гэдгээ шалгуулж, албан ёсоор баталгаажуулсан сертификатаа хүлээн авсан байдаг аж. 

Тэгвэл 11 дэх улс нь Монгол Улс болсон баярт мэдээ НҮБ-д дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас ирсэн байна.  

Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа Д.Ганхуягт НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон "Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тавьсан хүсэлтийн дагуу манай албаны мэргэжилтэн хурандаа Ричесон Дебра Монгол Улсад 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллаж, цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл НҮБ-ын стандарт шаардлагад нийцсэн эсэхэд шалгалт хийгээд, өнөөдөр албан ёсоор ийнхүү баталгаажууллаа" хэмээн онцлон сертификатыг гардуулжээ. Хүндтэйгээр ирсэн энэ сертификат одоо илгээж байгаа цэргийн багаасаа гадна шинээр цэргийн баг оролцуулахад ч үйлчлэх зарчимтай. 

Ингэснээр Монгол Улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг болон цэргийн ажиглагч офицер илгээхээр бэлтгэн сургаж байгаа тогтолцоо нь НҮБ-ын стандарт шаардлагад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн онцгой түүхэн үйл хэрэг 2022, 2023 онуудад жил дараалан тохиож байна.  Учир нь 2022 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвөөс “НҮБ-ын цэргийн ажиглагч офицер”-ын дамжааг стандарт шаардлагын түвшинд явуулах чадамжтай эсэхдээ үнэлгээ хийлгэж, батламжаа мөн гардан авсан юм. 

Эцэст нь товчхон өгүүлэхэд НҮБ-д цэрэг, цагдаа илгээгч 124 орны 11-хэн нь одоогоор энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлээр НҮБ-аар зөвшөөрөгдсөн ба үүний нэг нь Талын Монгол болжээ гэсэн үг.  2027 он хүртэл энэ сертификат үйлчилнэ гэнэ.