Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооны санаачилсан “Нийтийн  хөлбөмбөг” хөтөлбөрийг дэмжин орон даяар хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгад гардуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. 

Энэ уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар оролцлоо. 

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, цаашид энэ спортоор тууштай хичээллэж, тив, дэлхийд гарах тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байгаа юм. О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Хүүхэд багачууд энэ спортоор хичээллэснээр эрүүл, чийрэг байж, багийн спортын амжилтад ахиц гарах тул нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна” хэмээн цохон тэмдэглэлээ. 

Үндэсний хэмжээний энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын бүх сургуулийн дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг 21 аймаг, есөн дүүрэгт шинээр байгуулах, хөлбөмбөгөөр дамжуулан олон улсад үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих, “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 

Түүнчлэн Ерөнхий боловсролын бүх сургуулийн хөлбөмбөгийн багшийн ур чадварыг сайжруулах “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Талууд улс даяар хөлбөмбөгийн талбайд стандарт мөрдүүлэх чиглэлд шат шатны байгууллагуудыг хамруулж, чанаргүй хөлбөмбөгийн талбайг хумих нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.