Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжин, манлайлан оролцсоор байна. 

Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт байрлах 8 га талбайд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн “Мод үржүүлгийн төв”-ийг байгуулан 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Өчигдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба нар Батлан хамгаалах яамны болон ЗХЖШ-ын удирдлагуудын хамтаар тус төвийг зорин очиж мод тарилаа. 

Энэхүү төв нь "Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ажиллах санамж бичиг"-т заасны дагуу модны үрсэлгээ, бойжуулалт хийх, тариалах, арчлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, түүнийг дагасан тохижилт, бүтээн байгуулалтыг ажлуудыг гүйцэтгээд байна. 

Өнөөгийн байдлаар тус төвийн 5 га газарт 11 төрлийн 518 мянган мод, бут, сөөгийг үрийн болон мөчрийн үрсэлгээгээр тарьж мөн ургуулж байна. Тодруулбал, 2022 онд гүйлс 45 мянга, хайлаас 16 мянга, буйлс 15 мянга, улиас, бургас 8 мянга, үхрийн нүд 400 ширхгийг тарьсан бол 2023 онд улиас 20 мянга, бургасны тайрдас 40 мянга, хайлаас 10 мянга, гүйлс 10 мянга, мандлын цэцэг 35 мянга, гацуур 135 ширхгийг тус тус тариалжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үндэсний мод тарих өдөр"-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

Иймээс энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 16-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд энэ өдрүүдэд хот, хөдөөгийн Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудад "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн бүтээлч ажлууд уламжлал ёсоор өрнөх болно.