Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдаанд Улаанбаатар хотын 1-р баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа. 

Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /4/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /1/, аймгийн арслан М.Бямбадорж /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, нар нийт 14 даваа авсан бол Улаанбаатар хотын 1-р багт улсын харцага А.Цацабшир /1/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/ аймгийн арслан П.Өсөхбаатар /3/, аймгийн арслан Б.Тайван /2/, аймгийн арслан С.Цогтбаатар /3/, нар нийт 11 даваа авчээ. Улаанбаатар хотын 1-р баг сэлгээний бөхгүй барилджээ. 

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав. 

Барилдаанд Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж, Улаанбаатар хотын 1-р багийн дасгалжуулагчаар аймгийн заан Б.Тожил нар ажилласан юм. 

Ийнхүү Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдаанууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Арванхоёрдугаар сард 2-р шатны барилдаанууд үргэлжилнэ.