Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН III УРАЛДААН”  2023 оны 11 дүгээр сарын 08-аас Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тус уралдааныг Бямбасүрэнгийн Шарав агсан 2012 онд өөрөө санаачлан зохион байгуулж байсан бөгөөд анхны уралдаанд Монгол, Япон, Орос, Хятад зэрэг улс орнуудын 80 гаруй уран бүтээлчид, 2016 онд 92 уран бүтээлч оролцож байсан бол энэ жил мөн Монгол болон Орос, Хятад улсаас нийт 120 гаруй уран бүтээлчид авьяас чадвараа сорихоор бүртгүүлээд байна.

Энэхүү уралдааны зорилго нь төрөөс соёлын талаар баримтлах  бодлогын хүрээнд сонгодог урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжих, ур, чадварыг дээшлүүлэх хөгжмийн зохиолч Б.Шаравын туурвисан зохиол бүтээл болон орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Уралдааны нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас Монгол Улсын Консерваторийн концертын танхимд болох бөгөөд шалгаруулалт 11 сарын 08-наас 12-ны өдрүүдэд явагдах юм. 

Шагналтнуудын нэгдсэн хүндэтгэлийн тоглолт 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19:00 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.