Цаг үеийн мэдээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкид МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цолыг олголоо. Энэ нь Шинжлэх ухааны сургуулиас өгч буй анхны “Хүндэт доктор” гэдгээрээ онцлог юм. Уг цолыг шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, энх тайван, хүмүүнлэг, төр, олон нийтийн салбарын нэрт зүтгэлтэн, гадаадын иргэнд олгодог аж.

Энэ үеэр Элчин сайд Кобаяши Хироюки “Би Монголд 11 жил ажиллалаа. Монгол Улс бол миний хувьд хоёр дахь эх орон минь юм. Би анх Монголд ирээд МУИС-д нэг жил монгол хэл сурсан. Тэгэхээр МУИС бол Монгол дахь төрөлх сургууль минь гэж болно. Төрөлх сургуулиасаа ийм хүндтэй цол авч байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна” гэв.

Харин МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар “Кобаяши Хироюки зөвхөн МУИС-ийн сургалтын орчныг сайжруулаад зогсохгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний чухал үүрэг гүйцэтгэж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал “1000 инженер” хөтөлбөр байна. Уг хөтөлбөр нь маш үр дүнтэй. Монгол Улсын цаашдын эдийн засаг, хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэртэй юм. Саяхан МУИС-д япон хэл судлалын лабораторийг байгуулсан. МУИС-д хамгийн ихээр тулгамддаг асуудлуудын нэг бол Байгалийн шинжлэх ухааны лабораториуд дутмаг байдаг явдал. Удахгүй 1.5 сая ам.долларын үнэ бүхий байгаль орчны сургалт, судалгааны тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхэд Элчин сайдын гүйцэтгэсэн үүрэг их” хэмээн онцоллоо. 

Таны сурталчилгаа