АТОМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООХ АРВАН ТОЛГОЙТОЙ ТУГАЛ ЧИНЬ ХААНА БАЙНА?
Б.Тэмүүжин 1993 онд төрсөн, 30 настай. Энэ залууг төрж байхад л эрчим хүч, уран газрын тос боловсруулах төслүүд яригдаж эхэлсэн боловч цаасан дээрээ царцсан. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч, олборлолтоос боловруулалтанд шилжих мөрөөдөл үлгэр домог болон мөнхөрлөө. Монголын маргааш дуусдаггүй. Ямааны ноолуураа ядаж самнаад худалдах, нүүрсээ наанадаж угаагаад гаргах, махаа ангилж боловсруулаад экспортлох, илүү үнэд хүргэж зарах мөрөөдөл биелэлгүй хүний амьдралын гурван бүтэн мөчлөгийг алдлаа. Төрж байхад нь эхэлсэн яриа цаасан дээрээ үлдэж, Б.Тэмүүжин 30 хүрч, Солонгост харлаж ажиллахаар явсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг нь Тэмүүжингүүдийн аваагүй цалин, олоогүй ашиг, ааваа танихгүй өсч байгаа хүү, нөхрөө санасан эхнэр, хамтдаа тэмдэглээгүй төрсөн өдрүүд, биелээгүй мөрөөдлүүд…
MN 25 телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг зогссон, Монголын дуусддаггүй яриа яг хэвээрээ. Түүхий эдээ түүхийгээр нь хямдхан гаргадаг Монголын түүх дуусдаггүй. Эрчим хүч, энергийн эх үүсвэрээр баян Монгол хөршүүдээсээ гэрэл гуйдаг, доллараар авдаг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Тэмүүжинг 3 настай байхад газрын тосоор дээлээ мялаагаад, Монгол түлш шатахуунаа үйлдвэрлэдэг болно гэж шоудсанаас хойш 27 жил өнгөрлөө. Газрын тосны анхны үйлдвэр 2028 онд ашиглалтанд орно гэвэл П.Очирбат дээлээ тосолсноос хойш 6 Ерөнхийлөгчийн нүүр, 33 шинэ жилийн оргилуун дарс буудуулна. Мөн ч их хүлээсэн дээ гэдэг шиг чилийсэн 33 жил.
Оросууд саяхан эрчим хүчний үнээ нэмсэн, Оюутолгойн уурхай 12 жилд Хятадаас 1 тэрбум гаруй долларын цахилгаан аваад байна. Эгийн гол, Эрдэнэбүрэн, Шүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой, Багануур, 5-р цахилгаан станц, уран, газрын тосны үйлдвэр зэрэг том төсөл бүрд харь улсын гар хөл болсон эх орончид төрж эх орноо хорлон, цаасан дээрээ үлдэх буюу цаг хугацаа алддаг. Тэртусмаа гуравдагч хөршийн улс орнуудын хөрөнгө оруулалтыг гацаах “эх орончид” төсөл бүрээс төрдөг. Хөрөнгөө оруулсан улс орнууд түүндээ санаа тавьж, эрх ашгаа хамгаалах нь тусгаа тогтнолын баталгаа. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага биш байя гэвэл улсын цаана улс, уулын цаана уул бийг харах нүдтэй байх учиртай. Оюун санаа, жишээ нь бичиг үсэг, шашин шүтлэгийн хувьд хоёр хөршөөсөө давж харилцаж байсан өвөг дээдэс эртнээсээ улсын цаана улс бийг харж байсан нь өнөөдрийнхөөр бол гуравдагч хөршийн бодлого юм.
Б.Тэмүүжинг хэвлий, өлгийдөө байхаас эхлэн ярьсан ч мөрөөдөл хэвээрээ цаасан дээр макетаараа үлдэж, алдагсан боломжийн өртөг нь их дуусаагүй яриануудыг эргэж санацгаая!
33 ЖИЛ ДУУСААГҮЙ ЯРИА: ЭГИЙН ГОЛЫН УЦС
1991 онд Эгийн гол дээр усан цахилгаан станц барих шийдвэр гарсны 33, 1994 онд анхны ТЭЗҮ хийсний 29 жилийн ирэх жил тохионо. Пунцагийн Жасрай гуай Ерөнхий сайд байхаас эхэлсэн яриа. М.Энхсайханы Засгийн газрын үед 1996 онд Чех, Малайзтай хамтран барихаар болсон ч таг зогссон нь эхний бүтэлгүй оролдого. 2006 онд буюу 17 жилийн өмнө Хятадын 300 сая долларын зээлээр барих хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарласан. Оросууд Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гэж мэдэгдэж, элдэв төрлийн эх орончид эх орныхоо эсрэг тулалдав. Оросын нөлөөг Монголд тархаагч Е.Симонов гэгч, түүний эхнэр Б.Сүхгэрэл нар монголчууд харь улсаас тог гэрэл гэрэл гуйхгүй болчих боломжийг алдруулахад онцгой “гавъяа” байгуулсан. Эхнэр нь эх оронч жанжин Д.Сүхбаатараар овоглосон СГалсан хурандаагийн ач охин байдаг нь ёжтой. Төслийн нэгж 2013 онд байгуулагдаж, 315 мВт-ын хүчин чадалтай УЦС барих болсон. Франц-Бельгийн 600 гаруй УЦС барьсан, “Трактебел” компани ТЭЗҮ хийсэн боловч гадаад, дотоодын улс төр, ашиг сонирхлыг давж чадалгүй ажил зогсов. Америкийн эрдэмтэд Эгийн голын эко системд сөрөг нөлөөгүйг судлан дүгнэсэн боловч төсөл ажил хэрэг болсонгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УЦС хамтран барих талаар Владивосток хотод Путинд хандан хүсэлт тавьж, нааштай үг анх удаа дуулж, Монголд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерешээс анхаарч өгөхийг гуйсан. Өнөөдөр гуч гаруй жилийн мөрөөдөл 4 дэх удаагаа ажил болж мэдэх ахин хөдөлгөөнд ороод байна. Эгийн гол дээр УЦС баригдвал 100 хувь эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж, хүнээс хараат, доллараар тог гэрэл авахаа болино.
Энэ хооронд хамаагүй бага хүчин чадалтай Тайширын Усан цахилгаан станц Завхан гол ширгээнэ, загас жараахай хядна гэх орон нутгийн чанартай эсэргүүцлийг давж боссон. Гэгээн нуур үүсч, газрын зурагт тэмдэглэгдэн, Завхан гол ширгээгүй, загас жараахай бужигнадаг. Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц барих төсөл ч мөн л гол ус ширгээнэ, нугас галуу үхнэ гэх эх оронч бус “эх оронч” хөдөлгөөнтэй тулгарч, нөхөн төлбөр авах гэсэн малчдын тоо суга өссөн боловч, хөрөнгө оруулалт нь бэлэн болж, одоо л нэг гацаанаас гараад байна.
ЦААСАН ДЭЭРХ: 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ
Хамгийн сүүлд 1987 онд, 36 жилийн өмнө дулааны 4-р цахилгаан станц үүдээ нээсэн. Үүнээс хойш томоохон хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтанд ороогүй. Өвөл бүр хотоороо, улсаараа хөлдөх аюулын ирмэг дээр, аваарын байдалтай амьдарч, агаар биш угаар амьсгалсаар байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд Ланд Круйзер, лааны гэрэлтэй нэгэн хөндийд сүлэлддэг.
Тавантолгойн, 5-р цахилгаан станцууд цаасан дээрээ зураг болон мөнхөрсөн. 2011 оноос эхлэн 5-р цахилгаан станцын талаарх дуусахгүй яриа эхэлж, Засгийн газрын тогтоол 2012 онд гарч, Хонхорт барих уу, Баянзүрхийн товчооны хажууд босгох уу, Хөлийн голын хөндийд дээр биш үү гэх мэтээр газар байршлынх нь талаар олон жил маргалдсан. Арван хоёр жил ярьж байгаа энэ төсөлд үе үеийн Ерөнхий сайд нар хатуу үүрэг өгсөөр, Засгийн газрын хуралдаанд 10 гаруй удаа орсон. Цаасан шийдвэрээр 2017 онд ажиллаж эхлэх байсан. Япон, Солонгос, Франц, Монголын 5 компани нийлж концесс эзэмшихээр болж, 43 га газрын гэрчилгээ авч, гэрээ байгуулсан боловч мөнөөх консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй болоод царцсан.
5-р цахилгаан станцын араас Тавантолгойн станц орж цаасан дээрээ л боссон хэвээр 10 гаруй жил өнгөрч байна. Оюутолгойн эрчим хүчийг Хятадаас биш Монголоос хангана гэх яриа 2013 оноос эхэлсэн. Засгийн газар Оюутолгойтой эрчим хүчний гэрээ 2018 онд байгуулж, Тавантолгойн цахилгаан станц барихаар болсон ч цааснаасаа халиагүй. 2021 оны 7 дугаар сараас барьж эхлээд 2025 онд ашиглалтанд орох байсан бол өнөөдөр тендер, зөвшөөрөл авах гэх мэт шатандаа л хий эргэж байна. Төсөл хариуцсан сайд М.Энхсайхан Тавантолгойн станцын оронд 570 Лексусын хэрэгт орсон. Оюутолгойн уурхай 11 дэх жилдээ жилд 100-120 сая доллараар “хятад тог” авсан хэвээрээ. 2017 онд ашиглалтанд орсон бол 600-700 сая доллар Хятад руу урсахгүй, Монголд үлдэх байсан.
УРАН: АРВАН ТОЛГОЙТОЙ ТУГАЛ ЧИНЬ ХААНА БАЙНА?
Монголд уран олборлох талаар 1997 оноос эхлэн ярьж байна. Монголчууд өөрсдөө хувь заяагаа мэддэг болсноос хойш л энэ яриа анхаарал татсанаас бус бидэнгүйгэр оросууд 80-аад Дорнод аймгийн Мардайд хуучин технологоор ил аргаар олборлож байсан. Монгол хүн орох хориотой, хаалттай бүсэд хэдий хэмжээний юу орж гараад байгааг нь бид өөрсдөө мэддэггүй байсан. Оросууд тэндээ төмс ногоо тарьж идээд, одоо ч цооногийнх нь нүх нь ил онгорхой, байшин сав нь араг яс болоод үлдсэн тэр орчинд малчид нутаглаж байна. Матадын бүх хүн, мал тус бүр нэг толгойтой. Тэр үеийн орос монгол хүн бүгдээрээ хоёр хөлтэй, тэр хавийн цөмөөрөө дөрвөн хөлтэй.
Цөмийн физикчдээ бэлтгээд 50, 60 жил болж байгаа түүхтэй. 1997 оноос гараанаас хамт хөдөлсөн Казахстан өнөөдөр дэлхийн ураны зах зээлийн 48 хувийг эзэлж, Монгол 26 жилийн дараа Францтай гэрээ байгуулах нөхцлөө Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохирлоо. Оюутолгойн гэрээг давтахгүйн тулд 34 хувийг нь эзэмшиж зардал, эрсдлийг нь үүрэхгүй, 19 хувь хүртэлх АМНАТ авах, давуу эрхийн хувьцааны ногдол хүртэхээр урьдчилан тохирч чадсан нь Франц дахь айлчлалын аяны богцоос гарсан хамгийн сайн мэдээ юм. Оюутолгой жилд 2,2 тэрбум долларын зэс борлуулдгаас 100 сая нь төсөвт ордог. Харин Зөөвч овоо дахь ураны уурхайн жилийн 400 сая долларын орлогоос зөвхөн АМНАТ-д 50 сая доллар төлнө. Оюутолгойтой харьцуулбал 2,75 дахин илүү үр өгөөж. Борлуулалтын орлогынх нь 50 хувь нь Монголын банкны дансаар дамжина. Францын технологи дэлхийд тэргүүлдэг дэвшилттэй, аюулгүй.
Гэвч энэ бүх эш үндэслэл, тоо баримт арван толгойтой тугал, 7 хөлтэй ишигний үлгэрийн дэргэд юу ч биш. Монголын улс төрийн попын хаан, ямар ч боловсролгүй нөхөр Дорноговьд дэвшилтэт аргаар уран олборлоход уур нь дэгдэж тэнгэрт гараад, бороо бол Ховдод бууна гэж хиншүү үнэрттэл шоудаж байна.
Хоёр толгойтой тугалын бичлэг хаана ч байхгүй боловч алмас харсан хүн гэдэг шиг аймшгийн үлгэр тууль хайлсан “эх орончид” гарч ирж эх орноо хорлодог. Малдаа халдварт өвчний тарилга хийлгээгүй малчны арчаагүйгээс болж Монгол өөхөн дэнтэйгээ, өвлийн утаатайгаа үлддэг. Айлын хашаа байшин шиг бага оврын станц нь Улаанбаатарыг утаанаас нь бүрэн салгана.
1 кг уранаас гаргаж авах эрчим хүч 1 сая тонн нүүрс түлэхтэй адил. Цөмийн эрчим хүчийг зөвхөн атомын бөмбөг гэж айдаг гэнэн тэнэгийн үлгэр сэргэв. Сонгуулийн өмнөх жилийн төгсгөл, энэ оны сүүлчээр УИХ ураны талаарх гэрээ хэлэлцэх нь эрчим хүчний сайдаасаа эхлэх попуудын улирлын өвчин сэдрэх цагаар таарч байна. Монголын агуу попчид атомаас илүү аюултай. Тэмцэгчид гар утсаа унтраахаараар дэмжээд, асаахаар өөр болчихоод байдаг гэж уурхайн ажилчид ярьсныг энд сануулъя. Цөмийн эрчим хүчээр нийт хэрэглээнийхээ 60 хувийг хангадаг Францад амьдардаг байж францчуудтай хамтрах төслийг эсэргүүцэн франц нөхөртэй монгол эх оронч хүүхэн Москвад харлавал байрлалаа олно. Эх орноо хорлогсод Францууд уран олборлож байсан Нигерээр айлгадаг. Тэгвэл яагаад Казахстантай харьцуулж болохгүй вэ? Монголд уран олборлох гэж байгаа Францын төрийн өмчит Орано компани Казахстанд ажиллаж байна. Хоёр толгойтой казахын алаг үхэр яагаад нэг ч төрдөггүй юм бэ?
Том төслөөс үйлдвэр, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн, үр ашиг биш элдэв “эх орончид” төрдөг нь Монголын царай. Атомын төслийг зогсоох арван толгойтой тугал чин хаана байна? Уран олборлохыг хориглох нь хурга чинь хаана байна? Тийм сонирхолтой бодгаль байдаг юм бол үзчихээд үхье!
Б.САЙН-ОЮУТ