Цаг үеийн мэдээ

Time сэтгүүл 2023 оны онцлох тамирчнаар Интер Майами багийн довтлогч, Аргентины иргэн Лионил Мессийг нэрлэжээ.  Энэ жил 36 настай хөлбөмбөгийн од Месси өнгөрөгч долоодугаар сард Интер Майами багт нэгдэж, 14 тэмцээний үеэр 11 бөмбөг хаалганд оруулсан байна.

Тэрээр аравдугаар сард найм дахь удаагаа “Алтан бөмбөг”-ийн эзнээр шалгарчээ. Time сэтгүүлд бичсэнээр Лионил Месси Интер Майами багтай гэрээ байгуулснаар АНУ-ыг хөлбөмбөгийн орон болох замыг тавьсан гэжээ.  

Мессийг тус багт ирснээс хойш АНУ-д хөлбөмбөгийн спортыг сонирхогч үзэгчдийн тоо, тасалбарын үнэ нэмэгдэж, тус спорттой холбоотой бараа бүтээгдэхүүний худалдаа өсчээ. Түүнчлэн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Саудын Араб, Америк зэрэг гаднын улсуудад тоглосноор тэдгээр улсуудын тамирчдын чадвар, чансааг өсгөх нөлөөллийг үзүүлж чадаж байна гэж Time онцолжээ.

Тус сэтгүүл урьд өмнө гимнастикч Симон Байлс, усанд сэлэгч Майкл Фелпс, NBA-ын супер од сагсан бөмбөгчин Леброн Жэймс нарыг оны онцлох тамирчдаар нэрлэж байжээ.