Цаг үеийн мэдээ

АНУ-ын сенатын гишүүн Рик Скот БНХАУ-аас импортоор оруулж ирдэг сармис үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг шалгах хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Тэрбээр худалдааны газарт илгээсэн захидалдаа хятад сармис нь аюултай бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангаагүй аргаар ургуулж, үйлдвэрлэсэн болохыг онцолсон байна.

Хятад нь шинээр ургуулсан болон хатаасан сармисны экспортоор дэлхийд тэргүүлэгч орон юм. АНУ Хятадын сармисны гол хэрэглэгч орны нэг ажээ. 

Хятадаас орж ирж буй сармис нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй бөгөөд зах зээлээс доогуур үнээр зарагдаж байгаад сенатын гишүүн Скот анхаарал хандуулсан байна. Ингэхдээ цахим сүлжээнд байрлуулсан баримт нотолгоотой бичлэгүүдэд хятад сармисыг бохир усанд ургуулж буй тухай гарчээ. Тиймээс үүнийг сайтар нарийвчлан мөрдөж судлахыг худалдааны газраас уриалсан байна. Мөн сенатчийн үзсэнээр хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдал, бүх нийтийн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой ажээ. 

АНУ 1990-ээд оны дунд үеэс хойш Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж 2019 онд Дональд Трамп Ерөнхийлөгч болсноос хойш эдгээр татвар улам нэмэгджээ. 

Эх сурвалж: BBC.com