Цаг үеийн мэдээ

Eрөнхий сайдын "Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна. 

“Тогтвортой аялал жуулчлал” төслийн зөвлөх С.Аригун: Импортоор орж ирж буй бараанд хог хаягдлын 1 хувийн татвар тогтоож өгөөч, хог хаягдлын үйлчилгээний хураамж гээд татварын хуульд байгаа. Үүнийг 2017 оноос хойш хэрэгжүүлэхээ больсон. Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлж өгөөч гэж хүсмээр байна. Одоо хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгүүдийг байгальд дарж булдаг. Хөдөө, орон нутгийн хогийн цэгүүдэд эзэн алга байна. Үүнийг шийдэхэд онцгой анхаарч, улсын төсөв, гадаадын зээл тусламжид хамруулж өгмөөр байна. Аюултай хог хаягдлыг хүлээж авдаг төвлөрсөн газар алга байна. Хог хаягдлын боловсролыг иргэдэд олгомоор байна. Боловсролын тухай хуульд тусгуулмаар байна.

Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, доктор. (Ph.D) Т.Оюунчимэг: Судалгаанд суурилсан үр дүн чухал. Монгол Улсад ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн нэг л сан баймаар байна. Жил бүр маш олон байгууллагаас судалгаа шинжилгээ хийгддэг. Цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч нэгтгэвэл хэмнэлттэй байж чадна. Мэдээллийн бүх тоо баримт, эх сурвалж нэг байвал судлаачдад ч, бас иргэдэд ч хэрэгтэй байна. Хөрс бол байгалийн хамгийн гол нөөц. Хуулиудад болохоор дайвар байдлаар тусгагдаад явдаг. Агаар, ус, ургамлын бохирдол доройтол бол хөрсөөр л дамждаг. Эрүү, Зөрчлийн хуульд хөрсний бохирдлын асуудлыг тусгуулмаар байна.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү: Ийм илэн далангүй, нээлттэй уулзалтыг тогтмол хийдэг баймаар байна. Ядаж улиралд нэг удаа хийвэл хаана хаанаа хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улс хийхгүйгээр цаашаа явахгүй. Татварын бодлогоор дэмжиж л үүнийг хийнэ. Монголын байгаль орчны иргэний зөвлөл бол 21 аймагт салбартай, төрийн бус 200 гаруй байгууллагыг нэгтгэсэн байгууллага. Японы буцалтгүй тусламжаар барьсан, Зайсанд байдаг байрны нэг жижигхэн өрөөнд ажилладаг. Үүнд анхаарч өгмөөр байна. Манай сан нэг сая мод тарьсан. Нийслэлд гэхэд Энхтайваны гүүрний хажуу талаар ой байгуулах боломжтой. Төр дэмжмээр байна.