Цаг үеийн мэдээ

Францын нийслэл Парис хотын Ritz зочид буудлын өрөөнөөс 750,000 еврогийн үнэ бүхий бөгж алдагджээ. Бөгж алга болсны дараа зочид буудлыг зохион байгуулалттай хулгай дээрмийн гэмт хэрэгт сэжиглэж байсан ч хэргийн учиг тайлагдсан байна.

Малайзын иргэн үнэт эдлэлээ алдсанаас хойш хоёр хоногийн дараа алмазан шигтгээтэй бөгжийг тоос сорогчийн бохирын уутнаас аюулгүй албаны ажилтан олсон тухай мэдээлжээ. Чухам юу болсон нь тодорхойгүй ч зочид буудлын үйлчлүүлэгч алга болсон эд зүйлээ олсондоо баяртай байгаа гэж Le Parisien сонинд нийтэлсэн байна. 

Бөгжөө алдсан Малайзын үйлчлүүлэгчийн хэлснээр тэрээр өнгөрсөн баасан гарагт дэлгүүр хэсэхээр гарахдаа бөгжөө өрөөнийхөө ширээн дээр үлдээсэн гэжээ. Түүнийг хэдэн цагийн дараа ирэхэд бөгж алга болсон байна. Тэр даруй эмэгтэй гомдол гаргаж, зочид буудал түүний алдсан үнэт эдлэлийг эрж олох ажлыг эхлүүлжээ.

Улмаар олж чадалгүй 24 цаг өнгөрсөн тул цагдаа, прокурорын ажилтнуудыг дуудаж, хэргийн мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. Парисын нэгдүгээр тойрогт байрладаг уг зочид буудлаас үнэт эдлэл учир битүүлэг шалтгаанаар алдагдсан анхны тохиолдол энэ биш ажээ. 2018 онд тус зочид буудалд буусан Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн 800,000 еврогийн үнэтэй эдлэлээ тээшин дотроосоо алдсан тухайгаа мэдүүлсэн байна. 

Эх сурвалж: Theguardian.com