Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгав. Түүнчлэн автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөх юм.
Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг мөн үүрэг болголоо.
Түүнчлэн шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудын явцыг дүүргийн удирдлагуудаас тодруулав. Дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд аль болох богино хугацаанд гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудыг хийнэ гэдгээ хэлж байлаа.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэг болгов. Тэрчлэн “Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг хэлж байлаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс УБЗАА, Дүүргүүдийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой захиалгуудаа ирүүлэх,
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх,
Автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийх,
Хотын соёлыг түгээсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах,
Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах хөтөлбөр боловсруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, жуулчид ирэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.