Цаг үеийн мэдээ

Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд Хонконгт болно. Уг тэмцээнд манай улсаас “Moon Dance” хамтлагийнхан оролцохоор хилийн чанадыг зорьжээ.

Тэд өдгөө Хятадын Шэнжэн хотод 10 хоногийн вакумжсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд хоёр хоногийн дараа уг бэлтгэл дуусна. Улмаар тэмцээн болох Хонконгт очих ажээ.

Тус хамтлагийнхан 2023 оны нэгдүгээр сард хуралдаж энэ жилийн дэлхийн аваргад өрсөлдөх сэдвээ тогтож, зохион байгуулалтын ажилдаа орж, бэлтгэлээ эхлүүлсэн байна. Шинэ үзүүлбэр, дэглэлтийнхээ талаар тэд 10 хоногийн бэлтгэлийн дараа пэйж хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.

Хамтлагийн ерөнхий дасгалжуулагчаар О.Оюунбат ажиллах бол дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч О.Саранхүү ажиллаж байгаа юм. Тэгвэл бүжиг дэглэлт болон хөгжмийн найруулга дээр Гретэн Тон ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн жил “Moon Dance” хамтлагийнхан Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.