Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2023.12.20/ ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас 2023 оны ажлаа дүгнэж,  алба хаагчдынхаа сахилга ёс зүйн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, тус албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь болон тус албаны алба хаагчид оролцлоо. 

Арга хэмжээг нээж Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан хэлсэн үгэндээ:

 "Улиран одож буй 2023 онд бид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, байгаль экологид учирсан хохирлыг бууруулах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээнүүдийг шат дараалан зохион байгуулсан.

Үүний үр дүнд хэргийн илрүүлэлт 71.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 24.1 хувиар, шийдвэрлэлт 88.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 16.0 хувь, иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлоос 4.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлт гарган, амжилт бүтээлээр дүүрэн ажилласныг миний бие бахархан хэлэхэд таатай байна.

Мөн түүнчлэн “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2883 га талбайд нөхөн сэргээлтийг хийлгэн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 118 байршилд 126.000 мод тарих ажлыг амжилттай зохион байгуулж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцлийг хангах хариуцлагатай бөгөөд ариун үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бүтээлч жил байлаа.

Айлчлан ирж буй шинэ ондоо Та бүхэн хийж бүтээсэн ололт амжилтаа бататган, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэнд болон гэр бүлд нь эрүүл энх, амжилт бүхний дээдийг хүсэж, Шинэ жил, шинэ оны баярын мэндийг дэвшүүлье" гэлээ.