Цаг үеийн мэдээ

ОХУ-ын сөрөг хүчний тэмцэгч Алексей Навальныйн оршуулгыг маргааш ОХУ-ын нийслэл Москва хотод хийхээр болжээ. Навальныйн оршуулга Москва хотын Марьино дүүрэг дэх Борисовын оршуулгын газарт болно. Сүмийн ёслол баасан гарагийн өдөр 14:00 цагт эхэлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмуш мэдээлжээ.

Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная өчигдөр Францын Страсбург хот дахь Европын Парламентын төв танхимд үг хэллээ. Энэ үеэр тэрээр нөхрийнх нь оршуулга тайван болох эсэхэд эргэлзэж байгаа ба Навальныйн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн иргэдийг Оросын Засгийн газар баривчилж болзошгүй гэдгийг онцолжээ.

Навальныйн цогцсыг алс Сибирийн чанга дэглэмтэй “Туйлын чоно” хорих газарт нас барснаас нь хойш найм хоногийн дараа гэр бүлд нь хүлээлгэн өгсөн юм. Оршуулгыг нь нас барснаас нь хойш 14 хоногийн дараа хийх гэж байна. 

Навальный алс Сибирийн хорих газарт амиа алдсан нь сөрөг хүчнийг дэмжигчид болон өрнөдийн орнуудад иргэдийн уур бухимдлыг өдөөсөн. Оросын 30 гаруй хотод Навальныйтай салах ёс гүйцэтгэж, дурсгалыг нь хүндэтгэсэн 400 гаруй хүнийг баривчлан саатуулсан гэж хүний эрхийн OVD-Info байгууллагаас мэдээлсэн юм. 

Алексей Навальныйн үхэлд Оросын Засгийн газар болон Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгаж байгаа боловч Кремль түүний үхэлд холбоогүй хэмээн мэдээлж байна.