Цаг үеийн мэдээ

СӨХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг боловсронгуй болгох, Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулж, ил тод болгох, иргэд, оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. 

Өнөөдөр уг хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү болон СӨХ-ны гүйцэтгэх захирлууд, хуульч өмгөөлөгчид, Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын 80 орчим төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 21 жилийн хугацааны хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа, практикт бодитой бий болсон нийтлэг нөхцөл байдлаас үзэхэд зайлшгүй залруулж өөрчлөх шаардлагатай дараах нөхцөл байдлууд байна. Тухайлбал, 

1. Орон сууцны байшингийн засвар, үйлчилгээтэй холбогдсон маргаан, зөрчил байнга гардаг,

2. СӨХ-ны үйл ажиллагааны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлага тодорхой бус, 

3. Оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолтой байх эрх зөрчигддөг,

4. СӨХ нь оршин суугч, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах боломж хязгаарлагдмал,

5. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй, 

6. СӨХ-ны үйл ажиллагааны нэгдсэн стандартгүй, холбооны санхүүгийн болон үйл ажиллагаанд тавих хяналт сул, төлбөрийн зарцуулалт ил тод бус,

7. Их засвар хийх санхүүгийн найдвартай эх үүсвэргүйн улмаас иргэдийн өмч - орон сууцны байшингийн үнэ цэн унах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх явдал түгээмэл гардаг. 

Эдгээр хууль зүйн үндэслэл, практик шаардлагыг үндэслэн хуулийн зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг хангах, өмнөх хуулийн үйлчлэлийн үр дүнд бий болсон ололтыг хадгалан, бусад хуультай уялдуулах зарчмыг баримтлан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. 

Нийт 15 бүлэг, 84 зүйлтэй тус хуулийн төсөл батлагдсанаар: 

1. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ. 

2. Орон сууцны байшингийн орчны газрыг СӨХ-нд ашиглуулах эрх зүйн орчин тодорхой болсноор оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолын ашиглалт, үйлчилгээ сайжирна. 

3. СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ. 

4. СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 

5. Орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно.