Цаг үеийн мэдээ

"Лалын улс" бүлэглэл Орост террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг Америкийн тагнуулын алба Оросын талд анхааруулж байсан гэж CNN телевиз эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

Ийм мэдээ 2023 оны 11 дүгээр сараас хойш ирсээр байжээ. Харин энэ бүхэн нь Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас террорист халдлага үйлдэж болзошгүй талаар гуравдугаар сарын 7-нд сэрэмжлүүлэг өгөх шалтгаан үндэслэл байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.  

Цагаан ордоны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби Fox News телевизэд ярихдаа, АНУ-ын Элчин сайдын яамнаас өгсөн сэрэмжлүүлэг "Крокус сити холл"-д үйлдсэн террорист халдлага хоёр хоорондоо ямар холбоотой болохыг хэлэх боломжгүй байна гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэ сарын эхээр Москва болон түүний ойр орчимд террорист халдлага үйлдэж болзошгүй гэсэн сэжиг таамаглал Америкийн талд байжээ.