Цаг үеийн мэдээ

Нигери улсын Кадуна мужийн сургуулиас зэвсэглэсэн бүлэг этгээдүүд сургуулийн ажилтан сурагчид нийлээд 287 хүнийг хулгайлж, барьцаалсан явдал энэ сарын 7-ны өдөр болсон. Барьцаалагчид барьцааны хүмүүсийг суллахын тулд тэрбум найра буюу 600,000 орчим ам.долларыг эрх баригчдаас нэхсэн юм.

Тэгвэл барьцаалагчдын барьцааны мөнгө авах эцсийн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө Нигерийн арми, тусгай хүчин, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран барьцааны иргэдийг суллах ажиллагаа явуулжээ. Ням гарагт явуулсан тусгай ажиллагааны үеэр барьцаанд байсан 137 хүнийг сулласан байна. Суллагдсан хүмүүсийн 76 нь эмэгтэй 61 нь эрэгтэй бөгөөд тэдгээр хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулж тусламж үзүүлэн гэр бүлийнхэнтэй нь уулзуулахаар мужийн эмнэлэгт хүргэжээ.

Барьцаанд хүн үлдсэн эсэх, үлдсэн тохиолдолд хэчнээн хүн үлдсэн зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Арваад жилийн өмнө Нигерийн Борно мужид Боко Харам зэвсэгт бүлэг дунд сургуулиас 276 сурагч охиныг хулгайлсан бөгөөд тэдний зарим нь өнөөдөр ч гэртээ эргэж ирээгүй юм. Энэ мэтчилэн сургуулийн насны хүүхдүүдийг хулгайлж барьцааны мөнгө нэхэх явдал тус улсад түгээмэл гардаг болжээ. 

Эх сурвалж: CNN.com