Цаг үеийн мэдээ

Ирланд улсын эрх баригч Fine Gael намын дарга болон Ерөнхий сайд Лео Варадкар үүрэгт ажлаасаа огцрохоо өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараа эрх баригч Fine Gael нам дотор явагдсан дараагийн удирдагчаа сонгох сунгаанд 37 настай Саймон Харрис өрсөлдөгчгүйгээр ялсан байна. 

Тэрээр Ирланд улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байна.  Суудлаасаа татгалзсан Ерөнхий сайд Лео Варадкар долоон жилийн өмнө буюу 2017 онд намын дарга, Засгийн газрын тэргүүнээр сонгогдохдоо 38 настай байжээ. Лео Варадкар огцрох тухайгаа мэдэгдэхдээ “долоон жил ажилласны дараа Ерөнхий сайдад хамгийн их тохирох хүн би биш болсон. Ажлаа хүлээлгэж өгөх болсон маань нэгдүгээрт хувь хүний шийдвэр, нөгөө талаас улс төр нөлөөлсөн” гэжээ. 

Ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгогдсон Саймон Харрис намын гишүүдийнхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нөр их хөдөлмөрөөрөө хариулах болно гэж мэдэгджээ. Ирландын эрх баригч Fine Gael нам өнгөрсөн саруудад нэлээд хүнд байдалд байсан. Шинэ залуу Ерөнхий сайд намаа хүнд нөхцөлөөс аварч эргэн амжилтад хүргэж чадах хамгийн тохиромжтой, харизмтай чадварлаг нэгэн гэж эрх баригч намын нөхөд нь дэмжжээ. 

Шинэ Ерөнхий сайд аутизмтай ахынхаа төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах кампанит ажилд нэгдэх үедээ улс төрд анх удаа оролцжээ. Саймон Харрис 16 настайдаа Fine Gael намын залуучуудын холбоонд элсэж, 2011 онд 24 настайдаа Ирландын Парламентад сонгогдож, 2016 онд 29 настайдаа Эрүүл мэндийн сайдын ажлыг авч байжээ.