Цаг үеийн мэдээ

АНУ-ын Мэрилэнд мужийн боомтын хот Балтиморт мягмар гарагийн шөнө ачаа тээврийн онгоц 3 км урт гүүрний тулгуур баганыг мөргөжээ. Ослын улмаас гүүрэнд гарсан нүхийг бөглөхөөр ажиллаж байсан засварын зургаан ажилтан гол руу унаж амь үрэгдсэн байна. Нийт найман засварын ажилтан байсны хоёрыг нь аварчээ. 

Балтиморын Патапско голын эргийг холбосон Фрэнсис Скотт Кей гүүрийг сэргээн засварлах ажлын зардлыг АНУ-ын Засгийн газар гаргана гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Фрэнсис Скотт Кей гүүрийг мөргөсөн 289 метр өндөр Дали ачаа тээврийн усан онгоц 3,000 орчим чингэлэг тээвэрлэж Балтимороос Шри-Ланка улсыг зорьсон 27 хоногийн аяллаа эхлүүлэх гэж байжээ. 

Усан онгоц зогсоолоос хөдөлснийхөө дараа гэнэт тоггүй болж бүх гэрэл цахилгаан нь унтарсан байна. Хөлгийн багийнхан гэрэл цахилгаанаа эргэн холбож, усан онгоцны хөдөлгөөнийг удаашруулахаар оролдсон ч чадаагүй байна. Эцэст нь ослын дуудлага өгөхөөс өөр арга үлдээгүй гэжээ. 

Дали ачаа тээврийн усан онгоц анх удаа осол хийсэн тохиолдол энэ биш юм байна. Уг онгоц 2016 онд Бельги улсын Антверп хотын боомтод өөр нэг усан онгоцтой мөргөлдөж байжээ. Тухайн үед ямар нэг томоохон гарз хохирол учрах болон хүний амь нас эрсдэлгүй өнгөрсөн байна.