Цаг үеийн мэдээ

Өнөмандах, Өнөбадрах нь 2 нас 6 сартай ихэр хүүхдүүд юм. Хоёр ихэр төрөлхийн бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил болох гипоспадия, крипторхизм гэх онош тогтоогджээ. Гипоспадия, крипторхизм нь эмийн эмчилгээ байхгүй зөвхөн мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай байдаг аж. Ихрүүдийн хувьд хоёр онош хавсарсан мэс засал нь хүнд байх тул Монголд мэс засал хийх боломжгүй гэх хариу авсан байна. Гипоспадия нь шээсний сүвний амсар буруу байрлалтай, улмаар дүлж шээх, шээс савирах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд шээсний сүв нөхөх мэс засал хийж эмчлэх боломжтой. Крипторхизм нь төмсөг хуухнагтаа бүрэн буугаагүй тул төмсөг буулгах мэс засал хийлгэх шаардлагатай байдаг байна. Эдгээр мэс заслын эмчилгээг 6 сараас 18 сартайд хийхийг зөвлөдөг боловч ихэр хүүхдүүд аль хэдийн 30 сартай байсан тул яаралтай мэс засалд яаралтай орох шаардлагатай байжээ.

Мэс заслын эмчилгээ хийгээгүйгээс болж үргүйдэл үүсэх, бэлэг эрхтний хэлбэр доош тахийж татагдан үрэвсэх, бэлгийн харилцаанд орох боломжгүй болох, мөн сэтгэл санааны эмгэг зэрэг үүсэх магадлалтай байдаг аж. БНСУ-н Бундан Жэсэн нэгдсэн эмнэлгийн эмч Сун Жон Хуан монголд ажиллах хүрээндээ үзэж эмчилгээ хийлгэн эдгэх боломжтой гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. 

Ийнхүү хоёр ихэр БНСУ-д амжилттай мэс засалд орж эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд бодсоноос өвчний байдал хүнд байсан ч Сун Жон Хуан эмчийн олон жилийн туршлагын ачаар мэс засал амжилттай болсон тухай ар гэрийнхэн мэдээлсэн юм.

Эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг Солонгос улсын К-Beauty компаниас хандивлан тусалсан байна.