Цаг үеийн мэдээ

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн аргазүйчдийн сургалт семинар дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Хандгайт дахь “Олимп” цогцолборт боллоо. 

Олимпын зөвлөл ба олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд залууст олимпын боловсрол эзэмшүүлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилготой уг семинарт аймаг, дүүргүүдийн төлөөлөл нийт 25 аргазүйч хамрагдав.

Сургалт-семинар ОУОХ-ны Спортын удирдах ажилтны гарын авлага болон Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөрийн сурах бичгийн сэдвүүдийн хүрээнд олимпизмын үндсэн зарчмууд, олимпын соёл, боловсролыг сурагчдад эзэмшүүлэх асуудал ба тэдгээрийг үнэлэх аргачлал, удирдлага, зохион байгуулалтын арга зүй зэрэг чиглэлээр онол практик хосолсон хэлбэрээр өрнөлөө. Мөн Монгол – Францын төвийн төлөөлөгчид “Парис 2024” Олимпын наадам, франц хэл, соёл, петанк спортын тухай мэдээлэл хүргэж, сурагчдын дунд комик ном бүтээх уралдааныг зарлав. 

Түүнчлэн Олимпын зөвлөлүүдэд тулгамдаж буй асуудлын тухай 3 удаа хэлэлцүүлэг өрнүүлэн Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх тодорхой ажлуудыг тусгасан санал бичиг боловсруулж, МҮОХ-нд хүргэсэн нь онцлог байв.