Цаг үеийн мэдээ

Монголын оюутны спортын VI наадмын таеквондогийн төрлийн техникийн зөвлөгөөн нь Спортын төв ордонд 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 13:00-13:40 цагт болов. 

Техникийн зөвлөгөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ЗБХ-ны гишүүн Ж.Баасансүрэн, Монголын оюутны спортын холбооны Гүйцэтгэх захирал, ЗБХ-ны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа, Монголын таеквондогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал, Монголын таеквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга О.Хос-Эрдэнэ нар болон 15 их, дээд сургуулийн удирдлага, багш дасгалжуулагч нар оролцлоо.

Зөвлөгөөнөөр наадмын ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын мандат бүртгэл, мэдүүлэг, заавар, дүн гаргах, шүүх үйл ажиллагаа,  тэмцээний хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцох их, дээд сургуулиудад өгсөн болно.

Наадмын хөтөлбөр ёсоор таеквондогийн тэмцээн нь 2024 оны дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн зааланд зохион байгуулагдана.

Дашрамд дурьдахад Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн нь 2024 оны дөрөвдүгээр сарын 15-25-нд 10 спортын төрлөөр болох ба тус наадамд 37 их, дээд сургуулийн 2240 гаруй тамирчин оролцоно.