Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Зам” сургалт, дадлагын 10 жилийн ой ирэх тавдугаар сард тохиож байна. Хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан хэлэлцээрийн “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монгол цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш эхлүүлсэн билээ.

“Зам” хамтарсан сургалт нь онол болон дадлага гэсэн хоёр хэлбэрээр жилд 2-3 удаа зохион байгуулагддаг бөгөөд ингэхдээ монгол цэргүүдэд авто зам, гүүр, ус зайлуулах хоолой зэрэг олон байгууламжийг олон улсын стандартын дагуу барьж байгуулах дадлага туршлагыг олгож ирснээрээ онцлог юм.

Монгол, Япон Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын офицер, ахлагч нарын авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа сургалт юм.