Цаг үеийн мэдээ

Эмд эм хэрэгтэйг, эмийн тогтолцоо эм биш хор болсон нь Эмийн сонсголын эхний өдрөөс илчлэгдэн илэрч  байна.   

Бүртгэлд ч байхгүй эмийн хөнгөлж амждаг хөнгөн шуурхай тогтолцоо юм байна. Паспорт аваагүй хүнд виз олгодог, төрөөгүй хүүхдэд тэтгэмж өгч амждаг гэсэн үг. Уналт таталтын эсрэг эмийн жагсаалт дунд тураах эм шургуулж амждаг. ЭМ-ийн дэд сайд С.Энхболд шууд тураах эм гэж ойлгож болохгүй гэж хэлсэн шууд бусаар юу гэж ойлгох вэ? Шууд тураах ч бай, шууд бусаар тураахгүй ч бай Монгол Улсын бүртгэлд уналт таталтын эсрэг Л-Карантин гэдэг эм огт байхгүй байна. Унаж татаад өөрийнхөө хаалганд гоол хийдэг хөл бөмбөгчин юм уу хаашаа юм. 

Иргэн О.Хонгор Солонгосын senti-clobazam  эмийг 7 жил хэрэглэж байгаа ч бүртгэлд ороогүй мөртөө хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон. Бүртгэлд ороогүй учраас эмийн сангуудад байдаггүй.

Ингэхэд ер нь зайлшгүй эмийг зайлшгүй хөнгөлөөд байна уу, зайлшгүй хүндрүүлээд байна уу? Элэгний Д вирусийн, эмийн санд 15 мянгаар зүгээр зарагдаж байсан “Викур” гэдэг эмийг жагсаалтад оруулаад 45 мянга болгож 3 нугалж өсгөж хөнгөлсөн гэх юм уу? Элэгний Д вирустэй иргэн Буянтогтох ингэж шүгэл үлээлээ. 

Хөнгөлөлтэй эмийн төсөв 2023 онд 40 тэрбум байсан бол энэ жил 140 тэрбум болгож нэмсэн.  Үнийг нь хөнгөлүүлэхээр өгсөн татвар төлөгч та бидний мөнгийг эмийн монопол замд нь залгиж, зовлон дээр зоолж, өвчин дээр баяжиж, үр дүнд нь үнийн хямдрал биш  үнийн хямрал болоод байгаа юм байна. 

Эм зүйчид гэхээсээ эмийн худалдаачдыг бэлтгэдэг юм байна. Таван жил танхимаар  биш цахимаар 100 хувь сургасан нэр зүүгээд эм зүйчийн дээд боловсролын диплом худалддаг юм байна. Төгсөлтийн хамтдаа авхуулсан зураг ч үгүй хоёр мянга гаруй эм зүйч Танд надад эм зарах эрхтэй болдог юм байна.