Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Ш.Цэнд-Аюуш, бүрэлдэхүүнд нь Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд сонгогчдын сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах шаардлагыг харгалзан сонгуулийн хэсэг нэгтгэх, шинээр байгуулах хүсэлтийг хэлэлцэж, хүсэлт гаргасан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд зөвшөөрөл олгов.

Сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.