Цаг үеийн мэдээ

Эм барьсан маарамба тунгаар нь уусан чи бүү хэл, тунгийнх нь цаасыг долоосон би өөрөө мажийх гэж байна гэсэн гэдэг шиг эмийн салбар архаг хууч өвчинд баригдсаныг батлах баримтууд баруун солгойгүй дэлгэгдсээр байна. Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтны 97 нь, ЭМДҮЗ-ийн хурган, хуцан дарга даамлууд 100 хувь эмийн худалдаачидтай өвөр түрийдээ орсон, хармаа түрийвч нэгтэй нь ил боллоо. ЭМЯ-ны 10 хүний 9 нь, ЭМДҮЗ-ийн 10 хүн 10 уулаа, Эм,  эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газрын бүгдээрээ буюу 97.6 хувь нь, ЭМДЕГ-ынхны 10-ын 6 нь, Хүний эмийн зөвлөлийн 10-ын 7 нь буюу 75 хувь нь эмийн наймааны бие төлөөлөгч нар байсан нь илэрлээ.  Эмийн үнэ, чанарыг хянаж байх үүрэгтнүүд нь үнэн чанартаа эмийн ченжүүд, эмийн наймаачид, өвчин зовлон дээр өм цөм ашиг олдог сүлжээ бизнесийнхэн байсан байна.  

Хэлхсэн аалзны тор нь илчлэгдмэгц эмийн мафийнхан үүрэндээ бужигнаж, Түр хорооны дарга Ж.Чинбүрэнг мессежээр дарамтлах гэж оролдсон байна.