Цаг үеийн мэдээ

НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэж байна. Тодруулбал, суурин эх үүсвэрийн хаягдал утааны хийн хэмжилт, агаар орчны хяналт шинжилгээ, бохирдуулагч эх үүсвэрийг тодорхойлох, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ялгарлыг бууруулах арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үнэлгээ гэсэн сэдвүүдээр дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж байгаа юм.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2010 оноос, III үе шатыг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд  Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрээс ялгарах бохирдлын хэмжээг бүртгэн тогтоох, эх үүсвэрийг тоо бүртгэлийг жил бүр тодорхойлон боловсруулах, агаар орчны хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх,  боловсон хүчний чадавхийг сайжруулах,  зэрэг олон талт ажлуудыг гүйцэтгэсэн юм.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, загвар төслийг эх үүсвэр тус бүрт хэрэгжүүлэн, гарсан үр дүнд танилцуулж, албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад хамруулан, агаарын чанарын хяналт шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдүүлсэн байна. Төслөөс гарсан үр дүн, санал зөвлөмжийг цаашид агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр  хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд тусган ажиллах юм.