Цаг үеийн мэдээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг баталснаар өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог айл өрхийн хаалгаар оруулах боломжтой талаар  УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэллээ. 

Тэрбээр, 

“Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм бол Баялгийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрт өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.

Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишгүүдийг нутагшуулсан байна. Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран,  төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.

Энэ хууль батлагдсанаар их хэмжээний  мөнгө эргэлдэнэ. Тиймээс эрсдэлийн менежментийн тогтолцоо чухал юм. Баялгийн сангийн  өгөөж иргэн бүрт хүртэх ёстой” гэв.