Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Улсын арслан "эрээн хавиргат" Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын өсөх идэр начин Готовын Баасанжав нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш нар шалгарлаа. 

Наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Э.Мөнхжаргал, аймгийн арслан С.Цогтбаатар нар үлдэв.

Барилдааны үеэр үзэгчдийн дундаас 9 азтан тодруулж, Жаргалант нутгийн брэнд эмээл болон манан хөөрөг мөн бөхчүүдийн дундаас 4 азтан тодруулж, гурван бөхөд “Мөнгөн кашмер” компанийн ноолууран бүтээгдэхүүн, нэг бөхөд эмээл гардуулсан юм. 

Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд  тус бүр 1.5 сая төгрөг болон Жаргалант нутгийн брэнд эмээл бай шагналдаа гардаж авлаа. 

Маргааш  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.