Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/550 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх ээлжит цахим хурлыг энэ сарын 22-нд  зохион байгууллаа.

 Тус хурлыг ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар ТМЭ, УНТЭ, УГТЭ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АНЭ, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч 156 эмч, мэргэжилтэн оролцсон.

Энэ удаагийн хуралд “2020-2024 оны эхний гуравдугаар сарын байдлаарх эхийн ноцтой хүндрэлийн танилцуулга” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул, “Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол”-оор Хүрээ амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Мандхай, “Ихэс түрүүлэлт ба шигдэлтийн шалтгаант цус алдалтын үед үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр нар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зөвлөх эмч Ч.Мөнхбаяр “Олон Улсын Эх Барих Эмэгтэйчүүдийн Холбоо” болон “Ихэс шигдэлтийн менежментийн мэргэжилтнүүдийн зөвшилцлийн зөвлөл”-өөс гарсан ихэс өргөн хүрээтэй шигдэж ургахыг гурван зэрэг, гурван дэд төрлөөр тодорхойлсон ангиллын системийг танилцуулсан.

Тэрбээр, Дэлхий даяар 1980-1990 онд эхэлсэн судалгаагаар ажиглагдаж буй ихэс шигдэлтийн мэдэгдэхүйц өсөлт нь сүүлийн хэдэн арван жилд кесар мэс заслын давтамж тархалт нэмэгдэж байгаатай холбоотой байна. Ихсийн эмгэг бэхлэгдэлт нь ихэс шигдэлт ба ихэс шигдэн ургахаас илүү түгээмэл тохиолддог. Эмгэг ихэсжилтийн 63 хувийг ихэс эмгэгээр бэхлэгдэх, 15 хувийг ихэс шигдэлт, 22 хувийг ихэс эмгэгээр шигдэж ургах эзэлдэг.

Жирэмсний 16 долоо хоногтойгоос ихэс шигдэж ургасан нь оношлогдож, батлагдсан тохиолдлуудаас үзэхэд зарим тохиолдолд ихэс шигдсэн үед жирэмсний хугацаанаас хамааралгүй нэвчилтийн гүн нэмэгдэж байна. Жирэмсний тээлтийн хоёр ба гуравдугаар гурван саруудад хэвлийн гаднах эсвэл үтрээний үүсгэн бүртгэгчтэй горимоор ихэс шигдэлтийн шинжүүдийг тодруулж шинжилнэ.

Ихэс шигдэлтийн ихэнх шинжүүд нь ихэс умайн ар хананд байрлалтай үед илэрдэг тул жирэмсний 18-24 долоо хоногтойд умайн урд хананд эмгэг судасжилт илэрвэл үзүүлэлт сайтай хэт авиан аппаратаар оношийг нарийвчлан тодруулж, цус алдаагүй тохиолдолд 33-34 долоо хоногтойд нь эмнэлэгт хэвтүүлэх, хэрвээ цус алдвал хугацаа харгалзахгүй эмнэлэгт хэвтүүлж асуудал шийдэх хэрэгтэйг онцлов.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ихэс түрүүлж шигдсэн үед эрхтэн хадгалж үлдээхэд чиглэгдсэн цус алдалт бууруулах, техник нь аюулгүй ба зүслэг бага, цус бага гаргах, мэс заслын хугацаа богино, мэс заслын дараах хүндрэл бага, эмнэлгийн ор хоног цөөн болгох, том судас бөглөх шаардлагагүй, судсанд бүлэн үүсэх эрсдэлгүй, төрөх тасагт мэс засал хийдэг бүхий л эмч, эмнэлгийн байгууллагад хэрэглэж болох “Tourniquet” мэс заслын арга, техникийг нэвтрүүлээд байна.