Цаг үеийн мэдээ

НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманианы тушаалаар БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн Юнити сектор, Бентью хотоос, Баруун секторын Вау хотын чиглэлд 1000 орчим километрийн хангалтын цувааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ.

Цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүний гол зорилго нь Юнити мужид үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд, НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, үндсэн үүрэг гүйцэтгэлтийг хэвийн явуулах шатахуун, барилга-инженерийн материал, хүнсний хангалтыг ачсан цувааны аюулгүй байдлыг ханган Бентью хотод авчрах байсан юм.

Тус цувааг ахалж хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн цэргийн багийн ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Х.Ууганбаатар "Миний санаж байгаагаар өмнөх цэргийн багууд Жуба хотоос цэргийн багийн шинэ техникээ татан авч байснаас энэ удаагийнх шиг өөрийн хариуцлагын бүсээс гарч хангалтын цувааны хамгаалалтыг зохион байгуулж байсан тохиолдол тэр болгон байдаггүй. Урьд нь тус хангалтыг БНӨСУ-ын орон нутгийн гэрээт компаниуд өөрсдөө хариуцаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Абьемном аймагт тээвэрлэн ирдэг байсан. Товчхондоо өмнө нь тус хангалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин өөрсдийн хариуцлагын бүс дотроо хүлээн авдаг байсан учир эрсдэл харьцангуй бага, цувааны хамгаалалтыг хариуцан туулах зам ч богино байсан гэсэн үг" гэжээ.