Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан: Гамшиг ослоос сэргийлэх ажлыг Засгийн газраас үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үндсэний сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх ажлыг хийж байна. Салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх ажлыг хийж байгаа боловч хүний нөөц байх ёстойгоосоо 60 хувь дутуу. Энэ бүх бүтэц зохион байгуулалтыг хийж зарим төсвийг батлах зэрэг ажлуудыг Ковидын үед ч хийж байсан. Эхний 25 тэрбум төгрөгөөр гал унтраахад хэрэглэх дрон, робот, шаардлагатай тоноглол хэрэгсэл, ялангуяа гал сөнөөгч авран хамгаалгчдын хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлнэ. Энэ долоо хоногийн сүүлээс эхнээсээ нийлүүлэлт нь хийгдээд явна. 

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Онцгой байдлын албаны 4 хүний гурав нь хувцас хэрэглэлтэй гэж ярьж байсан. 25 тэрбум төгрөг эдгээрийг шийдэхэд хүрэлцэх үү?

-Энгийнээр ойлгуулахад Онцгой байдлын хүний нөөц 60 хувь дутуу гэж ойлгож болно. Хүн амтайгаа харьцуулахад. Машин механизм 60 хувь хангагдсан. Цаана нь 40 хувь хангагдаагүй байна. 10 хүн тутмын гурав нь хувцастай байна гэж яриад байна шүү дээ. Яалт ч үгүй бидний өнөөгийн нөхцөл байдал энэ. Өөрөөр хэлбэл обьект, ахуйн, ой хээрийн түймэрт Онцгой байдлын алба хаагч явахад иж бүрэн стандартын хэмжээнд тоноглогдсон хувцас хэрэглэлтэй гэж үзэх юм бол 10 хүн тутмын гурав нь бүрэн хувцастай гэж ойлгож болно. Гэхдээ нэг дор бүгд дайчлагдаад явдаггүй учраас үүнийг дандаа сөрөг талаас нь хараад байж болохгүй. 

-Цалин хангамж ямар байгаа вэ?

-Хоёр удаа нэмэгдсэн. Саяхан 25 хувиар нэмсэн. Цалин хангамж нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа нийгмийн асуудал хүнд байгаа. Орон сууцжуулах ажлыг Засгийн газрын бодлого шийдвэрт тусгаж цогц хөтөлбөр гаргаж явна.

-Хариуцлагын асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Хариуцлагын асуудал яригдах ёстой. Хариуцлага яригдахгүйгээр эрсдэлийг багасгах, шийдвэрлэх гэдэг зүйл хаана ч байхгүй. Гэхдээ зөвхөн Онцгой байдлын албанд, энэ салбарт нааж ярьж болохгүй гэж би дүгнэдэг. Энэ хариуцлагын цаана иргэний хариуцлага гэж бий. Аж ахуйн нэгжийн хариуцлага гэж бий. Гал усанд автаж байгаа обьектын эзэн, өмчлөгч байгууллагуудын хариуцлага гэж байх ёстой. Тэр байгууллагууд стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бол тэр болгон эрсдэл гараад байхгүй. 

С.ОТГОН