Цаг үеийн мэдээ

Аваар осол ихтэй 7 хоног болж өнгөрлөө. Төмөр хүлэг унасан толгойгүйчүүд ах дүүгээр нь, ам бүлээр нь амь насыг нь бүрэлгэж байна. Хайлаастын замд, 4-р сарын 17-ны орой 6 хүн, нэг айлын дөрөв осолд өртөж, 16 настай охин газар дээрээ амьсгал хурааж, 26 настай эгч нь ухаангүй 7 хонож байна. 9-тэй, 12-той хоёр хүүхэд хүүхэд хагалгаанд орлоо.

Приустай, Вернатай хоёр эмэгтэй жолооч хурдтай явж байгаад мөргөлдөж, гарцаар гарч явсан хүүхдүүдийг дайрчээ. 

Тахилтад 2023 оны 9-р сарын 21-нд 12 настай охиныг дайрч хөнөөснөөс 12 хоногийн дараа яг тэр хүүхдийн эрлэг жолооч яг тэр хар цэг дээр 5 настай хүүг 2 том хүнтэй хамт мөргөж гэмтээсэн.     

Хот, хөдөөгийн зам хааз тоормосоо ялгадаггүй байж хар хурдаараа давхидаг эмэгтэй, эрэгтэй жолооч нарын мөргөлддөг машины тоглоомын талбар юм уу? Хааз, тоормосоо ялгадаггүй, төмөр хүлэг унасан толгойгүй хүмүүсийн хүүхэд хөнөөдөг шоглоомын орон юм уу?

Сүүлийн 8 жилд 371 хүүхэд зам дээр амиа алдсан байна. 371 бяцхан зүрх, биелээгүй мөрөөдөл, дутуу үлдээсэн зураг, эзэн нь орхисон тоглоомж, зулын гэрэлд үлдсэн 371 монгол хөвгүүд, охидын зураг. 2023 онд 43 хүүхэд зам дээр хорвоог орхилоо. Энэн оны эхний 3 сард хүүхэд осолд өртсөн тохиолдол 149 удаа гарлаа. Анги дүүрэн бяцхан хүүхэд аав ээжийгээ орхиод, алсын алсад одлоо. Эрүүгийн хуулиа чангалж, согтуугаар машин жолоодсон, гарц, ногоон гэрлээр дайрчих шахсаныг нь хүн алахыг завдсан гэж шийтгэдэг болсон нүд нь сөлийсөн, тархи нь мансуурсан хөлчүүчүүд давхилдсаар л байна.

Монгол бол хүүхдийн орон. Монгол бол хүүхэддээ халтай орон.