Цаг үеийн мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсож байсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон. Хурлаар хэлэлцсэн асуудал болон гарсан саналуудтай холбогдуулж Засгийн хуралдаанд өнөөдөр танилцуулга хийжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо:

-Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалахтай холбогдуулж гарсан нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай ажил бол Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу төрийн нууцаас гаргах шаардлагатай байна. Эргэн сануулахад шалгагдаж байсан эрүүгийн хэргийн нууцад байсан үүнээс шалтгаалаад эрүүдэн шүүсэнтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр одоо ч гэсэн нууцад байгаа. Шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Ерөнхий сайдын зүгээс ТЕГ болон холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Эргэн сануулахад Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц, Эрдэнэбат, Махгал, Баяр, Отгонбаяр, Өлзийбаяр нар холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож, Махгал, Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.6 жил хорих, Эрдэнэбат, Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих, Бямбажавыг 6 сая төгрөгөөр торгох тус тус ялыг ногдуулсан. Энэ шүүхийн шийдвэр өнөөг хүртэл нууцад байгаа. Энийг нууцаас гаргаж байж тухайн иргэдийн эрхийг хамгаалахад дэмжлэг болно.

АТГ-аас УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон 830142 дугаартай хэргийг төрийн нууцаас 2021 оны гуравдугаар 31-нд гаргасан. Үндсэн асуудал төрийн нууцаас гарсан учраас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг гаргах боломжтой гэж үзэж байна. Үүнийг төрийн болон ОН албаны нууцын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ. Цаашид дээрх иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах асуудлыг олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллана” гэв.