Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал:

Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,

Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,

Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,

Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.

Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.

Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.

Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.