Цаг үеийн мэдээ

Тавдугаар сарын 3-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, хоёр эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00:00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс олсон.

Мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдүүдийн талаар мэдээлэл тодруулахад Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай хүүхдүүд алга болсон мэдээллийн мөрөөр тухайн өдөр эрэн хайх ажиллагааг явуулж, хүч нэмэгдүүлэн аврах албаны нохдоор үнэрлүүлж олсон. Хүүхдүүд одоогоор Хүүхэд хамгааллын байранд байгаа. Хүүхдийн хамгааллын багийнхан судалгаа хийж, шалгах ажиллагаа явагдаж байна. Хүүхдүүд эсэн мэнд байгаа” гэдэг мэдээллийг өгөв. Ингээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороог зорин очлоо.

Тус хороо хотоос хойш Бэлхэд байх ажээ. Дан гэр хорооллын бүсийг хамарсан байна. Хорооны зохион байгуулагчаас зөвшөөрөл аваад хэсгийн ахлагчтай уулзлаа. Тэрбээр зам зааж өгч, хүүхдүүдийн гэрт очив. Бэлхийн замын зүүн талд нэлээд өгсүүр газарт, хэд хэдэн гудамж ороож явсаар уулын бэлд байрлах гадуураа саарал тоосгон блок өрсөн, төмөр гүйдэг хаалгаа саарлаар будсан хашааг хэсгийн ахлагч “Энэ хашаа” хэмээн зааж өгөв. 

-Ээж нь байгаа болов уу?

-Байхгүй. Өглөө Улаанхуаранд байна гээд ярьж байсан. Ирээгүй байх.

-Хүүхдүүд нь хамгаалах байранд байгаа гэсэн үү?

-Тийм. Долоон хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг гарч үнэлгээ хийхээр болсон. Хүүхдүүдийн амьдралыг судалж, төрийн асрамжид авах уу, ээжид нь буцааж өгөх үү гэдгийг шийднэ.

-Ээж нь ямар ажил хийдэг вэ?

-Группд байдаг.

-Хашаа руу орж болох уу?

-Ор ор.

Хашааны явган хүн орох саарал жижиг хаалга нь онгорхой байх аж. Хашааны хойд талд жижигхэн төмөр сааралжин амбаар байна. Зүүн урд булан хогны машин ирэхээр ачуулахаар зэхсэн бололтой хогоо овоолжээ. Дээш өгсүүр замтай баруун хойд үзүүрт жижигхэн шавар байшин байна. Гаднаа хэц татаж хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад тохсон бололтой. Зарим нь салхинд унажээ. Байшингийн хаалгыг гадуур нь цагаан өнгийн шуудайгаар өнгөлсөн бололтой, нар салхинд гандаж, салбарсан байв. Шавар байшингийн ихэнх хэсэг нурж, дранк мод нь ил гарсан харагдана. Байшингийн зүүн талын цонх нь ямар ч шилгүй онгорхой байлаа. Цаанаас нь хөшиг нь хийсч гарч иржээ. Байшингийн урд хүүхдүүд тоглодог бололтой тоглоомууд нь дэлгээтэй харагдана. Хашааны урд хэсэг нурж, хэдэн талд нь модоор түшиж, төмрөөр тулж орхижээ. Зарим хэсэгт нь онгорхой байх аж.

-Тухайн өдөр ээж нь гэртээ байсан юм болов уу?

-Ээж нь хоол хүнсний зүйлс цуглуулахаар яваад ирэх хооронд хүүхдүүд нь алга болсон байсан. 

-Тэр унасан гэх нүх нь хаана вэ?

-Энэ урд хашаанд байгаа. 

-Тэр хашаа руу нь орж болох болов уу?

-Эзэд нь байхгүй. Хаалга нь түгжээтэй байх ёстой. Юу ч гэсэн үзье.

Ингээд бид урд хашааг зүглэлээ. Банзан хашаа нь гүйдэг төмөр хаалгатай. Улаан хүрэн өнгөөр гадна талаа буджээ. Гүйдэг хаалгыг урагш түлхэхэд онгойв. “Цагдаа нар ирээд онгорхой орхисон бололтой. Уг нь эднийх байнга түгжээтэй байдаг” гээд хэсгийн ахлагч түрүүлээд оров. Хойноос нь орлоо. Хашааны хаалгаар ороод урд буланд мөн л хогоо шуудайд хийн тавьжээ. Өгсүүр хашааны баруун талд улаан тоосгон хоёр давхар байшин байв. Шуудайтай хогноос баруун зүгт нөгөө хүүхдүүд унасан гэх муу усны нүх байлаа. Дотогш шагайсан ч харанхуй тул юу ч харагдсангүй. Дээд хэсгээрээ битүү хаалттай боловч буланд нь өргөн нь 20 см орчим, урт нь 30 см орчим нүх гаргасан руу хүүхдүүд орсон бололтой. Том хүн бол яагаад ч багтахааргүй тэр нүхээр гэрэл тусгаад харлаа. Доошоо 2.5 м орчим гүн нүхэнд голдоо нэг баганатай, дээгүүр нь төмрөөр бэхэлж битүүлэн, муу усаа асгах зориулалтаар тэрхүү нүхийг гаргасан бололтой. Гэхдээ ус хийж ашиглаагүй мэт ямар ч шавар, шалбааг байсангүй. 

Эргээд хэсгийн ахлагчаас

-Энэ айлын эзэд нь ямар хүмүүс байдаг юм бол?

-Хотын төвд байдаг. Эндээ зундаа л хааяа ирдэг. Өвөлдөө ганц нэг эргэж тойрдог юм. Нэг хөгшин бий. 70 гаруй насны гээд утсаар залгав.

Тухайн айлын эзэнтэй ярилцахад “Би эртээд хашаагаа эргэж очиход хойд талын хашаа нурсан байсан. Тэр хэсэг хойд айлын эзэмшилд хамаардаг юм. Үүнийгээ янзлаад өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл янзлаагүй бололтой. Тэр хэсгээр л хүүхдүүд нь манай хашаанд орсон байх. Түүнээс манай хашаа бусад хэсгээрээ онгорхой зүйл байхгүй. Би эргэж тойрохдоо онгорхой, цоорхой байвал шалгаад, янзалчихаад явдаг юм. Хойд талын хэсэг ард айлын эзэмшил болохоор янзалж чадаагүй үлдээсэн. Манай хашаа онгорхой байна гэж хэсгийн ахлагч хэлнэ лээ. Уг нь цоожлоод явсан юм. Цагдаа нар хүүхдүүдийг олчихоод, гарахдаа онгорхой орхиод гарч дээ” гэлээ.

2024 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар нийт насанд хүрээгүй 360 хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хүүхэд холбогдсон осол гэмтэл энэ оны эхний гурван сарын байдлаар 149 бүртгэгдсэн тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Мөн сүүлийн үед бага насны хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж, эрэн хайх ажиллагааны тоо эрс ихэссэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүй орхихгүй, байнгын хараа хяналттай байхыг анхааруулж байна.

С.ОТГОНБАЯР