Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид өчигдөр 50 гаруй насны хоригдол нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн хоригдол 15 хоног сахилгын өрөөнд хоригдож байсан ажээ. Тэр өрөө нь хааш хаашаа 2х2 метр. Ямар ч унтаж амрах боломжгүй. Хоол унд маш муу. Өдөртөө нэг усан шөл өгвөл өгнө, бусад үед нь хар цай л оруулдаг. Хоригдлыг эрүүдэн шүүсэн байх магадлалтай. Тиймээс шархаа даалгүй нас барсан байх магадлал бий гэсэн мэдээлэл бий.

Хэргийн талаар тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэстэй холбогдов. Мандал сумын цагдаагийн хэлтсийн жижүүр “Хэргийг цагдаагийн ахлах дэслэгч Гантулга шалгаж байгаа” гэв. 

Цагдаагийн ахлах дэслэгч Гантулга “Тийм хэрэг гарсан нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруул” гэлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өчигдөр 21:00 цагт Хорих ангид хоригдол нас барлаа гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Х.Мөнхзулаас уг хэргийн талаар тодруулахад “Зүрхний архаг дутагдал гэсэн оноштой сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэсэн мэдээлэл өглөө”.

-Хэзээ сумынхаа эмнэлэгт хэвтсэн юм бол?

-Тэр талаар мэдээлэл алга. Хүн нас барсан учраас цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Албан ёсны шинжээчийн дүгнэлт гарах байх. Хэргийг шалгах ажиллагаа явагдаж байгаа болохоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  

-Сахилгын өрөөнд хоригдож байсан гэж үнэн үү?

-Хэрэг шалгагдаж байгаа болохоор тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй.  

С.ОТГОНБАЯР