Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран “Гал түймэр унтраах арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж дарга, хурандаа А.Дашням хэлсэн үгэндээ “Цаг үеэ олсон хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна.Шинээр батлагдсан гал унтраах дүрмийн талаар нэгдсэн ойлголт мэдээлэл мэдлэгээ бататгаж, практик дээрх алдаа оноогоо дүгнэж, нээлттэй, ил тод хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж оролцоорой, цаашид энэхүү хэлэлцүүлгийг тулгамдсан сэдвүүдээр шат дараатай зохион байгуулна” гэж онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг “Гал түймэр унтраах дүрэм”, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн захирагч, хошууч Э.Батзаяа “Худалдааны төвд гарсан гал түймрийг унтраах арга зүй”, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Э.Ганбат “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй”, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч Б.Нармандах “Шатахуун түгээх станцад гарсан гал түймрийг унтраах арга зүй” сэдвүүдээр илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт бүтцийн нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч нар оролцож санал бодлоо солилцож, сонирхсон асуултдаа хариулт авч, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон юм. 

Төгсгөлд нь тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан гал унтраах ажиллагааны дүрмийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ягштал мөрдөж, бүрэлдэхүүнийг мэдлэг мэдээллээр хангаж, холбогдох хууль, дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгоод цаашид хэлэлцүүлгийг тогтмол өрнүүлэн, алба хаагчдын оролцоог өргөжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.