Цаг үеийн мэдээ

Орхон аймаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 1-5 дугаар  ангийн 11 мянга гаруй сурагчдын  “Үдийн цай” хөтөлбөрийн  санхүүжилтийг нэмж 2884 төгрөг болгожээ. 

Нэг хүүхдэд ногдох 1500 төгрөг байсныг 1384 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.  Ингэснээр хоолны нэр төрөл олширч, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлж, хоолны илчлэг шим тэжээл 650-800 ккал болох тооцоолол гарчээ. 

Сурагчдын “Үдийн цай”-ны санхүүжилтийг нэмэх эсэх асуудлаар таван асуулга бүхий цахим судалгааг өнгөрсөн нэгдүгээр сард эцэг, эхчүүдээс авсан аж. Нийт 11 мянга гаруй эцэг эх хамрагдсанаас олонх нь хоолны нэр төрлийг олшруулах, сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэх талаар санал хүсэлтээ ирүүлсэн байна. 

Тус нэмэгдэл зардлыг Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэжээ.