Цаг үеийн мэдээ

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.

Тус хяналт шалгалтаар тус газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл байдал, ажлын байрны дарамт байдаг эсэх, хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудлыг шалгаж байгаа юм.

Дээрх хяналт шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлэх аж.

Шалгалтын ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Д.Намжилсүрэн, Ж.Нарантуяа, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар ажиллаж байна.

Ташрамд дурдахад, ХЭҮК нь хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд 2024 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд 478 гомдол, мэдээлэл хүлээн авч, 34 удаагийн хяналт шалгалтыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.