Цаг үеийн мэдээ

Үндэсний Статистикийн Хорооноос БНСУ-ын Засгийн Газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын статистикийн чадавхыг бэхжүүлэх БНСУ-ын Статистикийн Газар - Азийн Хөгжлийн Банкны хамтарсан төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо. 

Нээлтийн үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа болон БНСУ-ын Статистикийн Газрын дэд дарга Еонок Чой нар төслийн ажлын удирдамжид гарын үсэг зурлаа.

2024-2027 онд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны нотолгоонд суурилсан бодлогын чадавхыг Тогтвортой Хөгжлийн Зорилгын хөтөлбөртэй уялдуулан нэмэгдүүлэх зорилготой байгаа юм. Тодруулбал захиргааны өгөгдөл болон албан ёсны статистикийн чанарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд зорьж ажиллана. 

Нээлтийн үйл ажиллагаанд Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн Газар, Азийн Хөгжлийн Банк болон Солонгосын Статистикийг Дэмжих Хүрээлэн (KSPI), Солонгосын Статистикийн Мэдээллийн Хүрээлэн (KOSII)-ийн төлөөлөгчид оролцлоо.