Цаг үеийн мэдээ

2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороон дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

-Ногоон автобусны хэргийн сонсголд гэрчүүд хэр оролцож байна вэ? 

-Гэрчүүд дунджаар 60 гаруй хувьтай оролцлоо. Дуудсан гэрчүүдийн зарим нэг нь жишээ нь, Д.Сумъяабазар даргаас авхуулаад хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой учир ирэх боломжгүй. Зарим нэг нь янз янзын шалтаг хэлээд ирсэнгүй. Ер нь бид хүчилж авчрах хууль байхгүй шүү дээ. Зарчмын дагуу шаардлагаа тавиад, эрх үүргийг нь танилцуулаад явах үүрэгтэй. Ногоон автобусны хувьд гэрчүүд орж ирсэн. Хянан шалгах шинжээчдийн хувьд ямар түвшинд явагдсан, ямар хууль зөрчсөн гэдэг бүх асуудлуудыг гаргаж ирлээ. Энэ хоёр өдөр бүх зүйлийг нотлох баримтад үндэслэсэн ярилцлагууд боллоо. Ард иргэдэд нэлээд мэдээллүүд өгсөн байх аа гэж бодож байна. 

-Шинжээчийн хэлснээр Ногоон автобусны худалдан авалтыг нууцад оруулах чиглэлээр ямар нэгэн албан бичиг Тагнуулын байгууллагад хүргүүлээгүй гэж тайлбарласан. Холбогдох гэрчүүд үүнд ямар тайлбар хэлсэн бэ? 

-Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан ирсэн. Мөнх-Эрдэнэ гээд зөвлөх нь ч ирсэн. Тэд ярихдаа тагнуулын байгууллагад бид бичиг өгсөн гэж байна. Тагнуулын байгууллагаас бичиг авсан юм байна. Тэр нь 2022 онд авсан бичгээ өнөөдөр үзүүлээд байгаа юм. Гэтэл өнөөдрийн энэ тендер, сонгон шалгаруулалт нь өөрөө 2023 онд худалдан авсан автобусан дээр яригдаж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр 2023 онд худалдан авахдаа хэрвээ шаардлагатай байсан бол тагнуулын байгууллагад хандсан байх ёстой байсан. Хоёрдугаарт, жинхэнэ зарчмаараа бол тагнуулын байгууллагад хандах ёсгүй. Тендерийнхээ хуулиар төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ, ажил үйлчилгээ, худалдан авалт хийх хуулийг тойрохын тулд энэ хуулиар явуулахгүй байх арга зам нь тагнуулын байгууллага.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ийм ажиллагаа болчихлоо гэдгийг л гаргаж ирээд байгаа юм. Гэтэл нийтийн тээврийн асуудал хүнд байгаа юу, байгаа. Хүрэлцээ муутай байгаа юу, байгаа. Үүнийг Монгол Улсын Засгийн газар дэмжээд 420 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж ирээд наад автобусаа худалдаж ав гэдэг асуудлыг л гаргасан шүү дээ. Энэ чинь юуных нь Үндэсний аюулгүй байдал байдаг юм бэ. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдал гэдэг асуудлыг урдаа барьж байж Тендерийн тухай хуулийг тойрдог. Тэгээд тэрүүхэндээ хэдэн хүмүүс хууль бус үйл ажиллагаа хийдэг. Тендерийн хуульгүйгээр худалдан авалт зохион байгуулдаг ийм гарц гаргалгаа гаргахын тулд л Үндэсний аюулгүй байдал гэсэн асуудлыг гаргаж ирээд байна шүү дээ. 

-Хотод тавигдсан төсвийг буцааж Төсвийн байнгын хороон дээр оруулж ирж задалсан. Ер нь төсөв боогдохоос өмнө энэхүү автобусны гэрээ хэлцэл хийгдчихсэн байсан гэдэг зүйлийг өмнөх хотын удирдлага хэлээд байгаа шүү дээ. Сонсголоор үүнтэй холбоотой зүйл яригдсан уу? 

-Урьд нь 300 тэрбум гаруй төгрөг Улаанбаатар хот дээр нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахаар тавьсан. Энэ мөнгө яасан гэхээр нийслэл татаж авчрангуутаа өөрсдөө иргэдийн хурлаараа оруулж ирээд, тэр мөнгийг жижиг жижиг болгоод янз янзын зүйлд зарцуулчихсан. Зарим нэг нь цэцэрлэг барьсан байна лээ. Зарим нь сургууль барьсан байна лээ. Жижиг замууд ч гэдэг юм уу. Ингээд үндсэндээ тойрог руугаа татчихсан. Тэгэхээр сүүлд 2023 онд 420 тэрбум төгрөгийг төсөвт тавьсан. Түүнээс энэ жил санхүүжих нь 200 гаруй тэрбум төгрөг байсан байх. Тэр мөнгийг тэгж замруулахгүйн тулд Ж.Сүхбаатар сайдын Түгжрэлийг бууруулах үндэсний хороон төсөв дээр нь тавиад, сайд нь цаашаа эрхээ шилжүүлээд, НЗДТГ руу явуулсан байгаа юм. Түүнээс төсөвт татаж авчирсан юм байхгүй. Харин ч Тэмүүлэн гишүүний Төсвийн байнгын хороон дээр бүх л зүйл тавьчихъя. Тэгэхгүй бол нийслэл рүү очоод дахиад замарчих гээд байна гэж үзээд автобус авах ТЭЗҮ-ийг нь бүтэн гаргасан худалдан авалтад тавья гэсэн шийдвэр гаргасан юм байна лээ. 

-Хотын даргын хувьд бас нэг зүйл хэлсэн нь Нийслэл дээр байсан төсвийг буцаагаад Төсвийн байнгын хороон дээр оруулж ирээд задалсан. Тэгж задлахдаа 52 тэрбум төгрөг буюу орон нутгаас сонгогдсон гишүүдэд тус бүрд нь 1 тэрбум төгрөг тойрогт ажиллах зардал гэж хуваарилж өгсөн. Тухайн орон нутгийн гишүүд өнөөдөр тайлбараа, гүйцэтгэл, тайлангаа хэлэх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Ингэсэн зүйл бий юу? 

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Яаж ийм зүйл байж болох юм бэ. Дандаа ийм зүйл яриад өөрсдийнхөө амны пангаар ярьж, хамаг зүйлийг дарж булах гэсэн зүйлүүд ярьж байх юм. Улсын төсөв дээр гишүүний хувьд захиран зарцуулах мөнгө гэж ерөөсөө байдаггүй. Тухайн гишүүн өөрийнхөө тойрог дээр би ийм зам баримаар байна. манай сумынхан, манай дүүргийнхэн ийм зам барих хэрэгтэй гэж санал тавилаа. Ийм цэцэрлэг, сургууль барих санал тавилаа гээд улсын төсөвт санал оруулж батлуулж, тухайн мөнгө яг тэрхүү бүтээн байгуулалтад нь зарцуулагддаг. Тухайн мөнгө нь яах вэ тэр гишүүний тойргийн мөнгө гэж яригддаг байх. Түүнээ гишүүн дээр тавигддаг мөнгө гэж байхгүй. Энэ мөнгө нэр усаараа улсын төсөвт зоогдоно шүү дээ. Тийм зам, тийм хөрөнгө оруулалт гэдгээрээ зоогддог. 

-Тэгэхээр 1, 1 тэрбум төгрөг тойрогт нь ажиллахад зарцуулна гэдгийг юу гэж ойлгох вэ? 

-Тойрогт зарцуулах мөнгө гэж ерөөсөө байж болохгүй. Тухайн тойрогт хэрэгцээтэй хөрөнгө оруулалтад л тавьдаг нь гишүүний нэртэй. Би ийм мөнгө тавьсан. Хөрөнгө оруулалт хийсэн гэж л явдаг. Тухайн зардал гэсэн зүйл гишүүдэд ерөөсөө байдаггүй. 

С.ОТГОН