Цаг үеийн мэдээ

АН-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-АН-ын гишүүд таныг УИХ-д дэвших ёсгүй хүний нэгд тооцож ярьж байна. Энэ тал дээрх байр сууриа илэрхийлээч?

-Өөрийгөө ардчилал гээд итгэчихсэн, өөрийгөө Ардчилсан нам гээд бодчихсон энэ арчаагүй хүмүүс юу ярих нь тэдний эрх. Ер нь ардчилал гэдэг бол ардаар засаглана гэсэн үг. Ардчиллыг өмчлөөд АН-ыг өөрийнхөө өмч гэж бодож байгаа нь ямар том тэнэглэл вэ. Ямар бүдүүлэг юм бэ. Демокраци гэдэг үг чинь ардаар засаглах гэж байгаа юм шүү дээ. Би 20 жил эрх баригчдыг шүүмжилж, эрх баригчдын ард түмнээ ядууруулж, зовоож байгааг зогсоох гэж, засах гэж зүтгэсэн. Оюутолгойн гэрээ, ажлын байр, цалин хөлс гэж би 20 жил зүтгэлээ. МАН 20 жил эрх барилаа. Би энэ эрх баригчидтай тэмцэхийн тулд иргэний хөдөлгөөн, үйлдвэрчин, жижиг намуудтай нийлж хүч хавсарч үзэж байлаа. Өнөөдөр би ардчилалд үнэнч байгаа. Ардчилалд хайртай хүмүүсийн талд байгаа. Харин ардчиллыг өмчилж дэмийрч байгаа хүмүүсийг хараад би чин сэтгэлээсээ өрөвдөж айна. Сэр. Ардчилал гэдгээ ойлго. Ардчилал гэдэг жирийн ард иргэдийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэхийг хэлж байгаа юм. Түүнээс албан тушаал биш.

-Нэр дэвшүүлэх процесс хэрхэн явагдсан бэ?

-Би Монголын ардчилсан холбооны дэд тэргүүн. Дэд ерөнхийлөгч. Миний аав Монголын ардчилсан холбооны анхны долоогийн нэг. Би ардчилалд хайртай. Ардчиллын төлөө жирийн хүмүүстэй адилхан. АН-ын дотоод зохион байгуулалт, нарийн ширийн зүйлд би зүгээр л оролцогч төдий. Айхавтар нарийн ширийн дүгнэлт хийгээд байх тэнхэл алга надад. 

-Намын дарга жагсаалтаар орж ирж байгаад таны байр суурь ямар байна вэ?

-Энэ бол харин зөв байх. Яагаад гэвэл өнөөдөр намын дарга хүн улс орны хэмжээнд өөрийгөө дүгнүүлж, жагсаалтаа  толгойлж ард түмний өмнө дүнгээ тавиулна гэдэг зөв. 

-АН-ын хувьд шинэ залуу гишүүдээ тойрогт явуулж, өөрсдөө жагсаалтад орсонд хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандсан байна лээ. Үүн дээр таны бодол?

-Энэ бол намын дотоод асуудал байх. Миний хувьд олон жил түмний төлөө зүтгэж байгаа энэ үйлээ л хийхийн төлөө л явж байгаа. 

-Та аль тойрогт байгаа вэ?

-Би хамгийн халуун галтай тойрог руу очдог. Тэгээд дандаа ялдаг. Яагаад гэвэл би монголын жирийн ард иргэдийг ойлгодог, мэддэг. Зүрхээрээ мэдэрдэг. 

-АН Сонгуулийн тухай хуулийг зөрчөөд гишүүдээсээ татвар, хандив авсан гэдэг зүйл яригдсан. Зарим нь мөнгөө авах тухай бичиж байна. Таны хувьд хандив өгсөн, татвар төлсөн асуудал бий юу?

-Надад тийм мэдээлэл алга. Би ямар ч тийм хууль бус юм хийхгүй. 

-АН-ын зарим гишүүд ҮБХ-ны гишүүн биш хүмүүсийг нэр дэвшүүлж байна гэх. Энэ нь намын дотоод бодлогын хувьд хэр ёс зүйтэй хэрэг вэ?

-Би баримт мэдээлэлгүй дүгнэлт хийх нь илүүц байх. 

-Зарим олны танил хүмүүс орж ирээд л нэр дэвшиж байна шүү дээ?

-Би мэдэхгүй байна. 

-АН-ыг ялна гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Би чадна гэж итгэж байна. Би ном уншуулсан. Жанлавцогзол гэж ном байгаа шүү дээ. Эв нэгдлийн төлөө. Санаа зоволтгүй гайгүй ээ. 

С.ОТГОН