Цаг үеийн мэдээ

Боловсролын ерөнхий хуулийн 14.6.-д зааснаар "Гадаад улсад монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, боловсрол нөхөн эзэмших сургалт зохион байгуулах, монгол хүний хөгжлийг дэмжих зорилгоор насан туршийн суралцахуйн төвийг байгуулж болно".

38.9.-д зааснаар "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна" гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа. 

Тогтоолоор гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.