Цаг үеийн мэдээ

Одоогийн Непалын баруун өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Кабилабасду /одоогийн нэр Тилоракоти, Гушинагараас Энэтхэг-Балбын хил хүртэл 146км, Шрабастигаас 188км, Баранасаас 305 км зайд оршино/ хотын туурь байх бөлгөө.

Энд Будда эхийн хэвлийд заларсан юм. Зуны эхэн сарын арван тавны шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр, бурхад магтсан зургаан соёотой их заан баруун талаас ирж буй, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслант ширээнээ суун ном айлдаж байгаа дөрвөн янзын зүүд зүүдэлжээ.

Мөн хааны зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд "ирд хувилгааны үл бүлээцэх" далай ХЭМЭЭХЭД Хөтлөн аваачиж, угаалга үйлдээд, тэнгэрийн ариун хувцас өмсгөн, далайн ойролцоох мөнгөн уулны доторх алтан уулнаас их цагаан заан буун мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зуун өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэж, улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ. 

Хаан бээр энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүлжээ. Тэд тайлахдаа эхний зүүд бол хүү төрөх бөгөөд хаан ширээг залгамжилбал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болбол гэгээрэлд хүрсэн бурхны хутгийг олно. Хоёр дахь нь их ирд хувилгаан хүч чадал ихтэйн шинж, гурав дахь нь хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургах, дөрөв дэх нь тэнгэр бурхан бүгд хүндэтгэн тахихын бэлгэ хэмээн шинжив.

Лам Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдлөн, алтан өнгөт гэрэл зүг бүхнээ сацрахуй амьтны зовлон амарлиж, долоо хоног хааны өргөөнд цэцэгс болон эрдэнэсийн хур бууж, тэнгэрээс яруу дуун эгшиг цуурайтаж байлаа.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд