Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

-Энэ жилийн “Автомашингүй өдөр” тавдугаар сарын 25-ны бямба гарагт болно. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдөр хэрхэн зохицуулалт хийж ажиллах вэ?

-Жил жилийн энэ өдөр Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдал дээр нь хамтран ажилладаг. “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын захирамж гардаг. Энэ хүрээнд түр хугацаанд хязгаарлаж байгаа бүсүүд дээр автомашин нэвтрүүлэхгүй байх, тухайн замд зогсож байгаа тээврийн хэрэгслүүдийг албан ёсны зогсоолд зогсоох, зам талбайг чөлөөлөх ажлуудыг хийнэ. Хоёрдугаарт, Бага тойруу хэсгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас түр хугацаагаар тодорхой гудамж, замууд, бүсийг хааж, ялгалт хязгаарлалтын хэсэг дээр ажиллана. Мөн дотор хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дугуйтай, явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хязгаарын бүс дотор автомашин явуулахгүй, иргэдийг ямар нэгэн саадгүй зорчуулах тал дээр нь давхар хяналтыг тавина. 

-Энэ жилийн “Автомашингүй өдөр”-өөр тохиох онцлог зүйл бий юу?

-Марафон гүйлтийн хажуугаар иргэд унадаг дугуйтай маш их явдаг. Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед залуус, хүүхдүүд ихээр унаж байгаа цахилгаан моторт дугуйг оруулахгүй байх тал дээр хяналт тавьж байгаа. 

-Яагаад?

Ноднин 6 хүүхэд цахилгаан техник хэрэгсэл буюу унадаг дугуйнд мөргүүлсэн осол гарсан. Хүүхэд хүүхдээ мөргөж гэмтээдэг учраас үүнд онцгойлон хяналт тавьж байгаа.  

-Бусад замд үүсэх ачааллыг хэрхэн зохицуулах вэ?

-Мэдээж хэрэг төв замыг хаачихаар бусад замд ачаалал үүснэ. Түүн дээр цагдаагийн байгууллагаас хөдөлгөөн зохицуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. 

-Энэ өдөр хэчнээн алба хаагч ажиллах вэ?

-Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.

-Жил жилийн энэ өдөр осол гэмтэл хэр гардаг вэ? 

-Автомашингүй өдрөөр иргэдэд автомашинаас татгалзах, явган аялал хийх, унадаг дугуйтай явах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа. Хоёрдугаарт, явган аялал хийж, автомашинаас татгалзсанаар зам тээврийн ослын дуудлага мэдээлэл энгийн өдрүүдтэй харьцуулахад багадаа 30 хувь түүнээс дээш хувьтай буурсан үзүүлэлттэй байдаг. 

-Жил бүрийн хамгаалалт, зохицуулалтыг хийхэд юуг нь сайжруулмаар ажиглагддаг вэ?

-Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Зөвхөн Тээврийн цагдаагийн алба ажиллаад байна гэж байхгүй. Бага тойруу хэсэгт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсгүүд дээрээс нь Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүл хүүхэд хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс давхар ажиллана. Маш олон хүүхэд эцэг эхээсээ төөрдөг.

Тэгэхээр эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байгаарай. Хүүхдээ битгий ганцааранг нь явуулаарай гэдгийг зөвлөж хэлмээр байна. 

С.ОТГОНБАЯР