Цаг үеийн мэдээ

Темперамент нь хүний зан үйлийн төрөлхийн онцлогтой илүү холбоотой ба сэтгэл зүйн хувийн онцлог гэж нэрлэдэг. Ийм онцлогоор нь хүмүүсийг хэсэг бүлэг болгон тодорхойлох бөгөөд ерөнхийдөө удаан, тайван дөлгөөн, эсвэл сэргэлэн, цовоо гэхчлэн тодорхойлдог. 

Темперамент бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар юм. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм. Темпераментын хэв шинжийг сангвиник, холерик, флегматик, меланхолик гэж ангилна. Эдгээр хэв шинжийн тухайд товчхон дурдъя: 

Сангвиник хүүхдийн онцлог:

Сэтгэл санаагаар унах, уйдах ганцаардах нь үгүй, гавшгай, уриалагхан, ямагт ажилтай, завгүй, нэлээд дуураймтгай, итгэмтгий, бухимдан бачимдан дүрсхийн уурлах нь үгүй. Үерхэл нөхөрлөлд удирдах байр суурь эзлэх дуртай, хүсэл эрмэлзлээ ил шууд хэлдэг. Энэ темпераменттай хүүхэд ангидаа үймүүлж шуугиулах, алиалан хөгжүүлэх нь цөөнгүй байдаг. 

Холерик хүүхдийн онцлог:

Өөрийг нь басамжлан үзвэл зөрж гөжих, муухай аашлах нь олон. Бусдыг даган дуурайдаггүй, бие даасан, аливаад шүүмжлэлтэй ханддаг, хамтач нийтэч үзэлтэй. Биеэ хянах тэвчээр муу, бухимдан тэвдэж дүрсхийн уурлах нь цөөнгүй. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх нь элбэг, магтуулах дуртай, өөрөөс нь илүү гарсан хүмүүст дургүй ханддаг. 

Флегматик хүүхдийн онцлог:

Бухимдан уурлах нь бага, тайван, бусдын үг ятгалгад автах нь амархан, хүсэл эрмэлзлээ өөрийн ухаанаар залж удирдах чадвартай. Өөрийгөө ойлгон мэдэх талаар бага ажилладаг. Үерхэл нөхөрлөлд удирдах үүрэг гүйцэтгэх нь ховор, хүмүүстэй харилцахдаа амархан биш, харин нэг танилцвал түүнийгээ удаан үргэлжлүүлдэг. Анги хамт олны дунд алиалан баясагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй ба түүнд дургүй. 

Меланхолик хүүхдийн онцлог:

Биеэ даасан хүн гэж өөрийгөө харуулахын тулд зөрүүд гөжүүд зан гаргах нь их. Бусдын аясыг дагах дургүй, бие сэтгэл нь ядрахдаа бусад хүүхдээс амархан байдаг. Ийм үедээ бухимдан уурлах, бачимдах нь олонтоо. Даалгасан ажилд хариуцлагатай ханддаг. Шинэ нөхцөл байдалд дасахдаа удаан, гомдохдоо амархан. Хүнтэй танилцах, үерхэл нөхөрлөлд хойрго ханддаг. Анги сургуульдаа элдэв зөрчил, шуугиан маргаан гаргах, үймүүлэх дургүй нэгэн.

Таны сурталчилгаа